О.Анужин “Нойрссон гүнж”-ийг гоцлоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг тоглоно. Балетыг тус театрын балетчин О.Анужин анх удаа гоцлох юм байна.
Эл балет нь гурван бүлэг, гурван үзэгдэлтэй бөгөөд 120 гаруй жилийн түүхтэй. Балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа нар Шарль Перрогийн үлгэрээс сэдэвлэн бичжээ. Хөгжмийн зохиолчид үлгэрийн, ид шидийн хэв маягтай сэдэв ихэд таалагдсан учир сэтгэл дүүрэн баяр хөөртэйгөөр, хичээнгүйлэн бичсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. М.Петипагийн анхны хореографыг Т.Л.Соболева шинэчлэн дэглэснээр манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ.
Балетын үйл явдлаас товч танилцуулбал, хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж, ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг булан бүрт элч илгээж гүнж төрсний баяр ёслолд хүрэлцэн ирэхийг урина. Баярт ирсэн дагинас бяцхан Аврорад ховор нандин эрдэнэс, гайхалтай зүйлс бэлэглэнэ. Гэвч баяр ёслолын уур амьсгалыг Каталабют сандран орж ирж эвдэнэ. Тэрбээр аймшигт зочин айсуйг хаанд чичрэн дуулгаж гүйцээгүй шахам байхад шидэт дагина Карабос харх хөллөсөн сүйх тэрэгтэйгээ ордонд орж ирнэ. Шинэхэн гүнжийн мэндэлсэн баярт уригдаагүйдээ Карабос ихэд хилэгнэсэн буйгаар балетын үйл явдал өрнөх аж.
“Нойрссон гүнж” балетыг тавдугаар сарын 7,8-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ