Монголын анхны хурдны замыг барьж эхэллээ

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын шав тавих ёслол өнөөдөр Бөхөгийн даваанд боллоо. Шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын зарим гишүүн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хай Минь, Хятадын “Экспорт, импорт” банкны дэд захирал, тус улсын Худалдааны яамны төлөөлөгчид болон албаны хүмүүс оролцлоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд бүтэц, замын салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. 1938 оноос 2012 он хүртэл 74 жилийн хугацаанд нийт 2964 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бол 2012 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж 3405 км зам барьж ашиглалтад орууллаа. Энэ онд шинээр 1535 км зам, 1346 м төмөр бетон гүүр барина. Эдгээр оолн бүтээн байгуулалтуудын онцлох бүтээн байгуулалт нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалт юм гэдгийг онцоллоо.
Харин Зам, тээврийн сайд М.Зоригт “Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам барилгын ажлууд юм. Өнөөдөр шав тавьж буй энэхүү хурдны авто зам нь Монгол Улсад баригдаж буй анхны хурдны авто зам гэдгээрээ ихээхэн онцлогтой юм” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 3 чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхнийх нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам юм. Авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ