Э.Мөнхтөр: Амьдралаас олсон хайр минь хамгийн сайхан нь

Өнгөрсөн баасан гаригт “Зургаа дахь хүсэл” уран сайхны кино нээлтээ хийлээ. Тус киноны гол дүрд тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөртэй ярилцлаа.
-Киногоо нээж байгаад баяр хүргэе. СУИС-ийн нэг ангийнханы бүтээл гэж сонссон.
-Баярлалаа. Бид 2001 онд СУИС-д элсэн орж, 2005 онд хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн нэг ангийн уран бүтээлчид. Төгссөнөөсөө хойш хамтран бүтээсэн 3 дахь уран бүтээл энэ юм. Нэрлэвэл 2009 онд “Амьдралын амт” уран сайхны кино, 2013 онд “Гэнэтийн бэлэг” театрын жүжиг тавьсан. Гурав дахь нь “Зургаа дахь уран бүтээл” хэмээх энэхүү бүрэн хэмжээний уран бүтээлийг үзэгдийн хүртээл болгож байна. Өнгөрсөн оны наадмын үеэр зураг авалтаа эхэлж, түүнээс хойш гүйцэтгэх асуудлыг хийсээр өнөөдөр нээлтээ хийж байна.
-Таны хувьд ихэвчлэн сайн талын дүрд тоглодог. Энэ удаад мөн тийм үү?
-Зохиолын гол утга санаа нь эмэгтэй хүний дүрээр илэрхийлэгдэх юм. Тэр эмэгтэйн өсвөр насандаа үерхэж, нөхөрлөж байсан анхны хайрын дүрийг бүтээлээ. Тэдний үерхэл амьдрал болоогүй. Олон жилийн дараа эргээд уулзаж буйгаар зохиол үргэлжлэх юм. Энэ хоёр хүний хайр дурлалаар монголд төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй хавдар гэдэг өвчний тухай асуудлыг хөндсөн. Хүн өөрөө бага дээр нь үзүүлж оношлуулж, шаардлагатай арга хэмжээг авч чадах юм бол хавдар эдгэрдэг өвчин. Тийм учраас хүн өөрөө өөрийгөө хайрлаж, өвдөөгүй ч гэсэн эмнэлэгт үзүүлж, оношлуулах хэрэгтэй гэдэг сэдлийг хөндөж, тэр зүгрүү хандсан санааг илэрхийлэхийг зорьсон байгаа. Хавдраар нас барсан хүний маш олон тоо баримт байгаа. Энэ бүхэнд эмзэглэсэн учраас мэдэхгүйгээсээ алдаж буй хүмүүст энэ өвчний тухай ойлголт өгөх зорилгоор хийсэн.
-Та ихэвчлэн сайхан хайрын тухай кинонд дүр бүтээдэг. Тэдгээр киноны зохиол шиг хайр амьдралд тохиолдсон бол та алинтай нь учрах вэ?
-Би тэгж бодож байгаагүй юм байна. “Миний хайр” киноны хувьд амьдрал зохиосон, нэг гэрт орсон хойно үүсэж буй асуудал. Харин хүнд анхны харц, анхны учрал, догдлол их гоё шүү дээ. Өөрийнхөө тоглосон кинонуудаас түүн шиг байсан, тэр шиг хайр дурлалтай учирсан бол гэвэл ёстой хэлж мэдэхгүй юм байна. Зүгээр хамгийн шилдэг нь гэх юм бол миний амьдралдаа олсон хайр хамгийн сайхан нь.
-Сайхан хайраа танилцуулж болох уу?
-Эхнэртэйгээ танилцаад 6 жил болж байна. Хүн болгонд л тохиолддог хэцүү ч гэмээр юм уу ганцаардсан, аль нэг зүйлд эргэлзсэн, хийх зүйлээ мэдэхгүй алхаж явсан яг тийм үед эхнэр минь надтай учирсанд намайг зорилготой, мөрөөдөлтэй, хүнийг хайрлах сэтгэлтэй болгосон гэж би боддог юм. Одоо бол хоёр хөөрхөн хүүхэдтэй, гэр бүлийн халуун дулаан амьдралыг бий болгосон байна/инээв.сур/.
-Тэр таны ухаарал байжээ?
-Тийм шүү. Гэр бүлийнхээ төлөө, хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр би зогсолтгүй ажиллах хүчтэй болсон гэж боддог. Тийм болохоор гэргийдээ баярлаж явдаг юм даа.
-Дуурийн дуулаачийн ангид элсэлт өгч байсан гэдэг. Та одоо ч хөгжимд хайртай байх. Сүүлд “Байгаль” цомгийн нээлтэн дээр харагдаж байсан.
-Дуулаачийн ангид орно гэж явсан минь үнэн. Би дуунд хайртай, хөгжимд дуртай. Багаасаа Адарсүрэн, Мөнхбаяр, Түмэндэмбэрэл зэрэг хуучны дуучдын дууг аав ээжтэйгээ зэрэгцэж суугаад сонсдог байсан. Тийм учраас би дуунд хайртай. “Дэлхий” хамтлагийн “Ертөнц” цомгийн хувьд тус төсөлд анхнаасаа би оролцож, хамт ажилласан. Цомогт миний тоглосон хөгжмийн хэсэг ч бий. Сүүлд гарсан “Байгаль” цомогт ч оролцсон. Би дуулах дуртай. Одоогоор бол бие даасан уран бүтээл хийсэн зүйл алга. Гэхдээ дуулах бол миний зорилго, мөрөөдлийн нэгээхэн хэсэг.
-“А cappella” хамтлагийнхан хаагуур, юу хийж байна?
-Бид уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ. Хоёр нь тэр явж байна/инээв.сур/. Одбаяр маань АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж амьдарч байгаа. Хилийн чанадад байгаа болохоор хамтарч уран бүтээл хийхэд хүндрэлтэй байна. Одоогийн байдлаар 2 дууны бичлэгэнд орсон. АНУ-д бичлэг хийх шаардлага гарч байгаа.
-Өнгөрсөн жил та СТА цол тэмдгээр шагнуулсан. Энэ шагналыг авах ёстой хугацаандаа авсан уу? Эвсэл эртэдсэн оройтсоны аль нэг үү?
-Би тэрийг дүгнэж чадахгүй. Яамнаас СТА цолонд намайг тодорхойлон шагнасан. Түүнийг нь би төр засгаас өгч буй хишиг, урам гэж бодож баяртайгаар хүлээж авсан. Түүнээс хойш өөрийгөө нэг шат ахилаа гэж бодож, нэг шат ахисан шигээ байхсан гэж хичээж ажиллаж байна.
-Та өөрийгөө цолонд хүрэхүйц хэмжээнд хөдөлмөрлөсөн гэж бодож байна уу?
-Энэ харьцангуй ойлголт юм. Одоо бол СТА цол хүртээгүй хэр нь маш олон уран бүтээл туурвисан. Бидэн шиг дуучин, жүжигчин гээд юмны өнгөн дээр байдаггүй хэр нь урлагт насаараа ажилласан, арын эгнээнд явдаг хүмүүс бий. Тэдний дэргэд миний оролцсон уран бүтээл хаана нь ч хүрэхгүй байх. Гэхдээ нөгөө талаасаа зарим цол тэмдгийг хүмүүс үнэгүйдлээ гээд л яриад байдаг. Тэгэхээр зарим цол тэмдэг авсан хүмүүсийн хажууд энэ авчихсан байхад, тэр авчихсан байхад би авах болчихсон юм уу гэж бодсон.
-Баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Биднийг СУИС-д элсүүлэн авч мэргэжил эзэмшүүлэн төгсгөсөн багш нартаа, тухайн үед хамт суралцаж байсан үеийн нөхдүүддээ, тухайн үед дургүй байсан ч жүжигчин мэргэжлээр суралцуулсан эцэг, эхчүүддээ, биднийг үздэг, сонсдог дэмждэг нийт залуусдаа зориулж хийсэн. Хоёр найз маань бурхны оронд одсон байна. Тэднийхээ дурсгалд зориулан нэг талаар хүслийг нь гүйцэлдүүлэх гэж ангиараа уран бүтээл туурвилаа. Кинон дээр маань зургаан хүсэл гарна. Таван хүсэл тайлагдана. Нэг хүсэл нь үзэгч таны хүсэл юм шүү гэдэг санааг олж хараасай. Киног үзээд төгсгөлд нь өөрийнхөө хүслийг олоосой гэдэг үүднээс бодож хийсэн. Ирж үзээд үнэлэлт, дүгнэлтээ өгөөрэй.
-Шүүмжийг хэрхэн хүлээж авах уу?
-Зүгээр. Баяртай хүлээж авна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ