Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар утсан хүүхэлдэй боллоо

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас хууль бусаар гарсан учраас намын дүрмийн дагуу асуудлаа тавихыг шаардлаа.
Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж, УИХ дахь дахь Шударга ёс эвслийн бүлгээс гарсан. Харин тэд намаас татгалзах өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт хаягласан нь хууль бус үйлдэл гэнэ. МАХН-ын дүрмээр бол намаас гарах, намд элсэх хүн намын анхан шатны байгууллага болох үүрт хүсэлтээ гаргах ёстой аж. Тиймээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг харьяаны намын үүртээ хүсэлтээ гаргаж, энэ сарын 20-ны үед хуралдах МАХН-ын бага чуулганаар асуудлаа шийдүүлэх ёстой гэсэн мэдээллийг Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням өгөв. Мөн тэрбээр МАХН-аас албан ёсоор гараагүй цагт Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар УИХ-д нэр дэвших боломжгүй гэв. Учир нь Улс төрийн намын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг намын харьяалалтай байна гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж буй гэсэн тайлбарыг өгөв.
Мөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас гарч буйтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд МАН-ыг бүлэггүй болгож хүчгүйдүүлэх МАН-ын бүлгийн захиалгыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар биелүүлж, утсан хүүхэлдэй болсонд харамсаж буйг илэрхийлжээ.
2012 онд МАХН-д хэрэгтэй цагтаа ирж, нэр нүүр гуйж явсанд намын удирдлага, гишүүд итгэж, Ч.Улаанд УИХ-ын дэд дарга, Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргын өндөр албыг дөрвөн жил хашуулсан. Харин Д.Тэрбишдагва нь Шадар сайд, намын дэд даргаар цөөнгүй жил ажилласан. Гэтэл тэд өөрсдөө намаас гараад зогсохгүй бусад гишүүдэд ажил, албан тушаал амалж, ятгах, шахах зэргээр урвуулж, байна. Энэ байдлаа зогсоохгүй бол Улс төрийн намын тухай хуулийн дагуу хууль, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв.
Мөн мэдэгдэлд намын гишүүддээ хандан, жудаггүй хүмүүсийн элдэв уран үг, худал амлалт, мөрөөдлийн бялуунд хууртахгүй байж, намдаа үнэнч байхыг хүсэн, уриалжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ