Улаанбурханы халдвар буурчээ
2016-05-10

 

“Сайн хашаа” хөтөлбөр батлагдлаа

 

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталлаа.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай амины орон сууцанд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй  зэрэг хялбаршуулсан барилгын норм, дүрэм, гадна талбайн тохижилт, бие даасан инженерийн дэд бүтцийн техник технологийн стандартыг холбоглох хууль, тогтоомжийн дагуу батлуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

 

Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ.

 

Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг арван сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлнө.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэг, хэсгийн өрх айлууд бие даасан инженерийн дэд бүтэцтэй болж, амьдрах нөхцөл сайжрахаас гадна орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Улаанбурхан өвчний байдал, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа

 

Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар долоо хоног бүр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийж буй.

 

Энэ оны тавдугаар сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 19194 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1742 өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 221 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 0-1 насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна. Энэ вакциныг 18-30 насныханд энэ сарын 12-ны өдрөөс хийж эхэлнэ. Улаанбурхан-Улаануудын эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд хийдэггүй юм байна.

 

Дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтод тэглэлээ

 

2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар импортлоход “О” байхаар тогтоолоо.

 

Сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан Нефть импортлогчийн оруулж ирсэн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан бүхий  аж ахуйн нэгж, иргэдэд олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

 

Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой.

 

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190.0 орчим мянган төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үэзж байна.  

 

Монгол, Болгарын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газрын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2020  онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

 

Тус хөтөлбөрийн төсөлд хоёр улсын Засгийн газар бакалаврын нэг оюутан, нэг докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр харилцан хамруулах, их дээд сургуулийн багш нарыг солилцох, боловсролын салбарын бүтэц, сургалтын агуулгын талаарх мэдээллийг солилцох, хоёр орны хэл, утга зохиолыг заах, сурталчлахад дэмжлэг үзүүлж байхаар тусгажээ.

 

Мөн хөтөлбөрийн хүрээнд талууд хоёр улсын соёлын болон биет, биет бус өвийг хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн харилцан зохион байгуулах, зохиолчдын бүтээлээс харилцан орчуулах, хэвлэх, номын сан, музей болон соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгджээ. 

 

Товч мэдээ

- Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Зөвлөлийн хооронд 2000 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулсан “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т оруулсан өөрчлөлтийг хэлэлцэн дэмжлээ.
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны 2016 оны дөрөвдүгээр сарын 18-22-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Бүгд Найрамдах Итали улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-23-нд Монгол Улсад хйисэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
Shuud.mn
Сонин хачин