Японоос ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлалаа

Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Япон улсаас Монгол Улсад Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн асуудлыг хариуцсан Жикс /JICS/ болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөгчид, ЭХЭМҮТ амаржих газруудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын ард иргэд болон салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье” гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн хамт олон Тогтвортой хөгжлийн үндэс суурийг баттай тавьж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Шинэ техник технологийг үр дүнтэй ашиглаж, эх хүүхдийн эндэгдлийг бууруулж төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллах болно хэмээн захирал Ш.Энхтөр ёслолын үеэр хэлэв.
Өнгөрсөн онд л гэхэд ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх төслийн хүрээнд 28 нэр төрлийн 279 ширхэг 11.8 тэрбум төгрөгийн эх нярайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.
Дашрамд мэдээлэхэд Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд 29.3 тэрбум, 2015 онд 8.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ. Харин энэ онд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ