МАН заналхийлж байна

УИХ-ын чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсэг асуулт тавихаас илүүтэй үг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрог хуваарилалт зарчмын бус хууль зөрчсөн, эрх баригчид өөрсдийн сонголтоор хүч түрэн шийдсэн гэж шүүмжлэлтэй хандаж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-МАН-ынхан хүссэнээ хийж, хүссэнээрээ удирдаж ирсэн. Давахгүй гэсэн даваагаар 7 байтугай давж чаддаг. МАН-ын үг хэлсэн гишүүн болгон заналхийлж байна. Үүнийг СЕХ өөрсдийн хууль эрхзүйн хүрээнд төслөө оруулж ирсэн. Түүнээс манайхан, тэр дундаа би зурчихсан зүйл байхгүй. Хэнтий аймаг өнгөрсөн хугацаанд МАН-ын төлөө саналаа өгч ирсэн. Хэнтий 3 тойрогтой байсан, өмнө нь. Хоёр тойрогтой болгосныг нь дахиад 3 тойрогтой болгосон. Хүн өөрийгөө сонгуулах гэж тойрог зурдаггүй юм. Хэнтий аймагт очиж өрсөлдөнө. Гэхдээ сонгох эрх нь ард түмэнд байгаа. Түүнээс биш Содбаатар шиг гуйж очихгүй.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Монгол Улс 6 удаа ардчилсан сонгууль явуулсан. Түүхэндээ анх удаа сонгуулийн санал хураах өдрөөс 45 хоногийн өмнө тойрог яриад явж байна. Яагаад гэвэл ҮХЦ намын жагсаалтыг хассан. Энэ бол МАН-ын бүлгийн хийсэн ажил. Одоо СЕХ-ноос оруулж ирж 76 тойргоос 8-9 тойрогт л өөрчлөлт орсон. СЕХ хуулийн дагуу саналаа оруулсан. Үүнд нь хуулийн дагуу гишүүд өөрчлөлт хийж байна. Бүх зүйлийг хараар буддагаа боль. Увсын тойрог 3 болохоор Ц.Нямдорж гишүүн баярлах хэрэгтэй шүү дээ. Увсад АН бүтээн байгуулалт хийсэн. Газрын зургийг би зурчихаагүй. Орон нутгийнхан зурж байгаа. Өвөрхангай аймгийн төв нэг тойрог болжээ гэж байна. Өмнө нь аймгийн төв нэг тойрог байсан шүү дээ.
УИХ-ын дэд дарга М.Энхболд:
-Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр СЕХ-ны оруулж ирсэн саналыг орвонгоор нь эргүүлсэнд харамсаж байгаа юм. Энэ асуудлаараа зөвшилцье гэхэд ойлголцолд хүрсэнгүй. Сүхбаатар, Хэнтий аймгийн зурсан тойргийг өөрсдийнхөө зурснаар хүлээн зөвшөөр гэж тулгалт хийсэн. Тулгалтыг би хүлээн зөвшөөрөөгүй. Сонгуулийн тойргийг хүн амын тоо, нутаг дэвсрэгийн хэмжээ, засаг захиргааны онцлогоор хуваарилдаг заалттай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Дөрвөн жилийн өмнө мордохын хазгай болсон. Асуудлыг хүч түрж биш зөвшилцөж ойлголцъя гэсэн. Дөрвөн жил босгодог, булгидаг морин дээр ард түмэн явлаа. СЕХ-нд хуулиа дээдэлд асуудалд ханд гэж бичиг явуулсан. СЕХ харьцангуй хуулиа дээдэлж оруулж ирсэн. Харин АН-ын зарим гишүүд асуудлыг өөрсдөдөө ашигтай хувилбараар санал оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Сонгуулийн хуультай холбоотой асуудал буруу эмээллэсэн морь шиг зүйл болж байна. 2012 оны сонгуулийн дараа МАН яавал дараагийн сонгуульд ялах вэ гэж бодоцгоосон. Төлөөллийн ард хүн амын тоог тэнцвэржүүлэх үү гэхэд зөвшөөрөөгүй. Зарчимтай шалгуур ярьж байгаа хүн байгаа юу уу. Хүн болгоны ард яавал би сонгогдох вэ гэсэн амбиц байгаа. Одоо ард түмэндээ хайртай хүн болж жүжиглэх хэрэг байгаа юу.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ