Р.Баттогтох: Би амьд шүү

img

 

“Муу нүүрт” уран сайхны киноны нээлтийн үеэр жүжигчин Р.Баттогтохтой цөөн хором ярилцлаа.

 

-Тантай уулзсандаа баяртай байна. Учир нь цахим хуудсуудад таныг нас барсан тухай мэдээлэл байсан.

 

-Харин тэгсэн байна лээ. Би “Муу нүүрт” уран сайхны кинон дээр Болдын дүрээр нас барсан шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Кино эхлэхэд л би өнгөрчихсөн эхэлж байгаа юм. Би тэр мэдээ, зургийг нь харсан. Ямар сайндаа л “Би амьд шүү. Наад чинь кино байгаа юм аа” гэж тайлбарлахав. Өчнөөн бичсэн л дээ. Тэр бол кино шүү тэрнээс би нас бараагүй амьд сэрүүн ярилцлага өгөөд зогсож байна.

 

-Кинон дээр нас барсан гэхээр энэ  танай киноны маркетинг байсан юм биш биз?

 

-Үгүй шүү/инээв.сур/. Тэр зургийг хаанаас олж авсан юм бүү мэд. Кинонд хэрэглэх гэж бурхан болоочын төрхөөр хэвлэж гаргаад, жаазалсан зургийг л хэн нэгэн олсон байна лээ. Тэгээд л лайк цуглуулах гэдэг юм уу  эсвэл сайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх гээд л  нийтэлчихсэн юм шиг байгаа юм.

 

-Нас барсан хүний дүрд тоглох бэлгэдэл талаасаа эвгүй байх даа?

 

-Гадныхан бол юм боддоггүй. Манайхан бол сүжиг, бишрэлтэй хүмүүс учраас эерэгээр хүлээж авдаггүй. Би тэгж айхтар сүртэй хүндээр хүлээж аваагүй. Би мөнхөрч байна л гэж бодсон.

 

 

-“Муу нүүрт” уран сайхны киног үзлээ. Нэг үзэгдэлт жүжиг шиг киноны үйл явдал бүхэлдээ нэг  байшинд л өрнөж дууслаа. Тэр утгаараа хийц сайтай болсон шиг байна.

 

-"Хаган филмс"-ийн өөрсдийнх нь арга барил арай өөр өнцгөөс хийе гэсэн санаа бий. Хийцийн хувьд үргэлжилсэн планаар сценүүдийг шийдсэн. Тэр сценийг хийхэд маш их сургуулилт шаардагддаг. Түүн дээр зохион байгуулалт шаардагдсан зураг авалтууд ихтэй байсан.

 

-Найруулагчийн шийдэл өвөрмөц юм.

 

-Аливаа киног хийхэд найруулагчийн шийдэл, дээр нь хийц гээд олон зүйл байдаг л даа. Найруулагч ийм зураг авалт хийнэ гэж асар их бодож байж авалтуудыг хийсэн. Тийм учраас толгойгоо нэлээд сайн ажиллуулсан кино болсон шүү. Ямар ч байсан энгийн байдаг л нэг кинонуудаас арай өөр өнцгөөс олж харж хийсэн юм болов уу гэж бодож байна.

 

-Тэгээд бас хэлэх гэсэн санаа. Цагаа тулахаар хүн араатан шиг болдог тухай бололтой?

 

-Яг одоо байгаа нийгмийн амьдралыг л харуулах гэсэн юм. Хүмүүс харагдаж байгаа шигээ зан чанартай биш. Дээрээс нь одоо хямраад хүмүүсийн мөн чанар бүр их өөрчлөгдөж мөнгө улаан нүд цагаан болжээ. Хүмүүс улаан цайм болж байна гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон. Хэр зэрэг болсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ үзэгчдийн алга ташилтаас чамламгүй болсон юм болов уу гэж бодлоо.

 

-Эдийн засаг хямарсан энэ цаг үед хүн мөнгөнөөс болж найзыгаа алж ч чадахаар болсон гэж үү?

 

-Үгүйсгэхгүй. Байж болно. Мөнгөнөөс болж хүний зан чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг харах байх гэж л бодож тэр санааг бид чадан ядан илэрхийлсэн.  Энэ бол одоо байгаа бодит  байдал. Үүнийг тод томруунаар харуулах бидний зорилго байсан. Би бусад уран бүтээлчдээ үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ бидний хийсэн кино одоо гарч буй кинонуудаас арай өөр сэдэвтэй болсон болов уу гэж найдаж байгаа.

 

-“Бүх юм одоо л эхэлж байна”. Киноны төгсгөлийн энэ текст хоёрдугаар анги бий гэсэн санаа юу?

 

-Нэг үг байдаг даа. Маргааш болохгүй юм шиг амьдраа гэж. Түүн шиг юмыг яаж мэдэхэв. Байж магадгүй.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bold:
Sedviin huvid sodon sanagdlaa.urgeljilsen zurag avaltuud ihtei uneheer dajgui kino uzlee.gadnii kino shig zohioltoi.
2024-02-03
Зочин:
urlagiig buu uls
2016-05-16
Zochin:
Ajild ni amjilt husie
2016-05-16