Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангахыг үүрэгдэв
2016-05-16

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.
 

05 сарын 02-ны өдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн үүргийн биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
 

Хот тохижилт, ногоон байгууламжын ажлуудыг хийж байна


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Хоггүй хороо-Хоггүй гудамж болзолт уралдааныг хотын хэмжээнд зохион байгуулах удирдамжийг батлан хүргүүлэв. Энэхүү уралдааныг 2016 оны 04 сарын 01-нээс 10 сарын 01 хүртэл зохион байгуулж, Нийслэлийн ойн өдрөөр дүгнэхээр төлөвлөн ажиллаж байна. 



 ХОТ ТОХИЖИЛТ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД


 П.Гэндэн, Жамьянгүн, Олимп, Д.Сүхбаатар, Нийслэл хүрээний өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний гудамжны дагуу АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд явган хүний зам, дугуйн зам талбайн тохижилтын ажлыг хийж байна. 



Мөн Наадамчдын зам, Занабазарын гудамжинд улиас, монос гэх мэт мод бут тарих, Зайсангийн тойруу, Тэнгэр рашааны гудамж, Хоёр хутагтын гудамж, Багатойруугийн гудамжинд сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох, явган хүний зам талбай барих ажлуудыг хийж байна.
 

Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ


Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 06 сарын 1-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, УБ хотын цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан  урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар ажиллаж байна.
 

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128  хүүхдүүдийг хамруулсан  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг зохион байгуулах гэж байна.
 

Хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулахаар төлөвлөөд  байна.
 

Нийслэлд бүх нийтээр мод тарив


“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 05 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 110 гудамж, талбайд төрийн болон хувийн хэвшлийн 1680 байгууллагын 18798 иргэн оролцож 78953 мянган мод сөөгийг тарилаа. Тус өдрөөр нийт 19180 ширхэг мод, бутны суулгацыг Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба болон дүүргийн ЗДТГ-аар дамжуулан гэр хорооллын айл өрхүүд, сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн орчинд тариулахаар олгоод байна.
 

 

Ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа


05 сарын 07-нд Нийслэлийн ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Богд-Уулын арын зам, Санзай зуслан, 7-н буудлаас Шарга морьт, Сэлхи, Дүнжингарав, Баянзүрхийн товчоо чиглэлийн ногоон байгууламж болон авто замд 104 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээ хийж гүйцэтгэв. Нийт 5,6 тонн хог хаягдал гарсныг ачиж тээвэрлэлээ.
 

“Шинэ мянганы залуус” ТББ, “Тэнгэрийн тод тамга” ТББ, МЗХ, МОХ, Сурагчдын холбоод нэгдэн “SAVE UB” уриан дор нэгдэн хотын Ерөнхий менежерийн албан уриалгыг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд түгээж, хотын хэмжээнд нийт 1145 ААНБ-ын 10400 хүн бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцож, 424.1 тн хог хаягдлыг цэвэрлэсэн дүн мэдээг нэгтгэсэн байна.
 
 

Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг буулгана


Улаанбаатар хотын хэмжээнд 760 орчим сурталчилгааны самбар байгаагаас 269 ширхэг нь зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа судалгааг нэгтгэн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан. Удирдлагын зөвлөлийн хурлаас дээрх зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй самбаруудыг 7 хоногийн дотор буулгах арга хэмжээ авахыг дүүргүүдийн Засаг дарга нарт өгсөн юм.


Дүүргүүд нутаг дэвсгэрт камер халхалж рекламны самбар байршуулсан, зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад 2016 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж зөрчлийг арилгахаар хяналт тавин ажиллаж байна.
 
 

25 худгийг ашиглалтад оруулж, нийслэлийн өмчид бүртгэн авна


Дүүргүүдийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдээд ашиглалтад хүлээж аваагүй байгаа зөөврийн худгуудын талаарх асуудлыг судалж, боловсруулан 05 сарын 13-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцууллaa. Удирдлагын зөвлөлийн хурлаас 2016 оны 06 дугаар сарын 15-ны дотор нийт 25 худгийг ашиглалтад оруулж нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ус сувгийн удирдах газруудад үүрэг болгосон юм.


Нийслэлийн Удирдах ажилтнуудыын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Энэ сарын 28-ны өдөр зохион байгуулах “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллах
  • 06 сарын 04-ний өдөр болох  “Улаанбаатар марафон” олон улсын бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох
  • Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын дүгнэлтийг гаргуулсны дараа эхлүүлэх
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг идэвхжүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин