Улаанбаатар
С.Оюун хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2016-5-17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.17/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ. 
 
 
Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд нийт 1574 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд нь бүгд нийслэл хотод байрладаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн тусгай сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд орон нутгаас хотод шилжин ирж хүүхдээ тусгай сургуульд суралцуулдаг юм. Мөн тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай нэмэлт асаргаа, сувилгаа, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь тэдний эрүүл мэнд, бие эрхтний хөгжлийг дэмжин, бэрхшээлийг нь даамжруулахгүй байхад чухал нөлөөтэй байдаг. Иймд 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт "Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална." гэж нэмж тусгасан юм. Энэ заалт нь тусгай сургуулиуд болон тусгай сургуульд хүүхдүүдээ суралцуулдаг эцэг эхчүүдийн талархлыг хүлээж, амжилттай хэрэгжиж байсан талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. 
 
Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тусгай сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид үдийн хоол олгох асуудлыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Одоогийн байдлаар нийт ерөнхий боловсролын 6 тусгай сургуулийн 1574 сурагчийн өдрийн цайны  мөнгө  болох өдөрт 600 төгрөгөөр тооцоход нэг хичээлийн жилд 187,0 сая төгрөг бөгөөд 2015-2016 оны төсөвт тусгагдсан хэрэгжиж байсан арга хэмжээ юм. Харин уг хуулиар зохицуулагдахгүй тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилээс эдгээр сурагчдын үдийн хоолны зардал хасагдах бөгөөд хуулийн зохицуулалтгүй болох юм. 
 
Хуулийн төсөлд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл" гэсэн 15 дугаар зүйлд "Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална." гэсэн хэсгийг мөн Засгийн газрын санал болох 10 дугаар зүйлд  “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.”, 16 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багш болон цэцэрлэгийн эмч, багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр нэмэгдэл олгоно.” гэж нэмэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин