ЦЕГ: 400 сая төгрөг хожсон гэх иргэнээс байцаалт аваагүй

НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөг хожиж, баталгаажуулахаар ГТЕГ-т хандсан иргэн А.Цэенпилийг цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй хэмээн тайлбар авсан. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаалт авч, 2.5 жил хорино хэмээсэн гэх тодруулга өнөөдөр eagle.mn сайтад гарсан юм. Энэ мэдээллийн мөрөөр бид ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “ГТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын энэ асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллага хүсэлтийн дагуу шалгасан. Тэгэхдээ иргэн Ц-г өмгөөлөгчийн хамт байлцуулж, ярилцсан. Харин албан ёсоор тайлбар, мэдүүлэг, байцаалт аваагүй. Түүнд байсан сугалааны баримтыг шинжилгээнд өгсөн. Хариу нь гараагүй байна” гэв
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ