Ирэх сард 5 кино нээлтээ хийнэ
2016-05-19

“Тэнгис” кино театрт ирэх зургаадугаар сард Монголын уран сайхны таван кино нээлтээ  хийхээр товлогджээ.

 

“Намайг хайрла” уран сайхны кино

Бүх насныхан зориулсан энэхүү инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийх юм байна. Тус киног “Ай Си креатив дивишн” продакшн бүтээжээ. Харин зохиолыг нь МУГЖ Жаргалсайхан, Урнаа нарын хүү Ж.Батсайхан бичсэн аж.  Найруулагчаар нь А.Чингүүн ажиллаж, Э.Тодгэрэл, Н.Баярмаа, Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын жүжигчид тоглосон байна.


“Сайн уу амьдрал минь 2” уран сайхны кино

2008 онд дэлгэцнээ гарч байсан “Сайн уу, амьдрал минь” киноны  хоёрдугаар ангийн нээлтийг энэ сард хийхээр товлож байсан ч ирэх сар хүртэл хойшлуулжээ. Ирэх сарын 3-нд нээлтээ хийх тус киног “Big line film”, “Nomads film and entertainment” хамтран бүтээжээ. Киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд ажилласан байна. Харин продюсерээр нь “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажилласан аж. Гурван бүлэгтэй уг бүтээлийн гол дүрд жүжигчин Т.Билгүүтэй, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Адъяа нар тогложээ. Түүнчлэн  “Guys” хамтлагийнхан дахин тоглосон байна.


“Би эхнэрийнхээ нууц амраг” уран сайхны кино

“Би эхнэрийнхээ нууц амраг” гэх өвөрмөц нэртэй энэхүү кино ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ. Англи хэл дээр хийгдсэн монгол орчуулгатай киног Швейцарь, Герман, АНУ, Монголын уран бүтээлчид хамтран бүтээжээ.


“Ээж” уран сайхны кино

Энэхүү уран бүтээл ирэх сарын 17-ноос үзэгчдэд хүрэх нь ээ.  “Чононгоо фильм продакшн"-ы анхны бүтээл болох уг кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тогложээ. Жинхэнэ монгол кино Монголын кино урлагт ахин мэндэлж байна хэмээн уран бүтээлчид нь тодотгоод буй.


“Нэг өдрийн дайсан” уран сайхны кино

“Нэг өдрийн дайсан” кино нь “DOZ plus”энтертайментын 2016 оны ээлжит бүтээл юм. Адал явдалт инээдмийн тус кино ирэх сарын 24-нөөс дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Киноны гол дүрд Ш.Доржсүрэн тоглож өөрөө найруулсан байна. Мөн жүжигчин Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар хамтран тогложээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин