Оюутнуудад сургалтын зээлийн батламж гардууллаа
2016-05-19

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Засгийн газраас "Сайн оюутан" хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн  нээлтийн ёслол Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эко танхим”-д боллоо.  Тус арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, сургалтын төлбөрийн зээл олгох “Голомт”, “Хаан”, “Төрийн банк”-ны удирдлагууд болон бусад албаны  хүмүүс оролцов.

 

БСШУЯ, Төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон “Хаан” “Голомт”, “Төрийн банк”-тай хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Улмаар зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулав. Эдгээр нь МУИС, МУБИС, АШУҮИС-ийн  оюутнууд аж.

 

БСШУ-ны сайд Л.Гантөмөр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай улсад нийт 162 200 оюутан суралцаж байна. Үүний 93 хувь нь хувийн зардлаар суралцаж байгаа юм. Хувийн зардлаар суралцаж байгаа 150 980 оюутны 83 хувь нь эцэг, эхийн цалин тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө хийж байна. Арилжааны банкны зээлийн хүү жилийн 25 хувь байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээрээ төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их мөнгийг сар бүр банкинд тушааж байна. Үүнээс гадна зөвхөн сургалтын төлбөрөөс шалтгаалж өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй хаалганы цаана үлдэж байгаа олон сайн залуус бий. “Сайн оюутан” хөтөлбөр энэ залууст улам хичээж сайн суралцах, эцэг эхчүүдэд зээлийн ачаагаа хөнгөлөх боломж олгох зорилготой юм. Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа “Хаан”, “Голомт”, “Төрийн банк”-ны хамт олонд нийт оюутнуудынха өмнөөс талархал илэрхийлье. Оюутан залуустаа амжилт хүсье” гэв.

 

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд олгох сургалтын төлбөрийн зээлийн хүү 5 хувь байх бөгөөд урт хугацааны зээлийг сургууль төгссөнөөс хойш 4 жилийн дотор, богино хугацааны зээлийг 12 сарын дотор эргүүлэн төлөх аж. Зээл авах оюутан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Цахим болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
  • Гэр бүлийн гишүүний цахим үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт

 

Богино хугацаатай зээл авах оюутан:

  • Голч дүн 2.5 болон түүнээс дээш /Шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш/
  • Хичээлийн улирал, жил бүрт авах боломжтой
  • Дахин зээл авахдаа өмнөх зээлийн үлдэгдэлгүй байх
  • Хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрийг зээл авснаас  хойш сар бүр төлнө. Зээл төлөх хугацаа 12 сар, зээлийн хүү 5 хувь.

 

Урт хугацаатай зээл авах оюутан:

  • Голч дүн 3.5 болон түүнээс дээш
  • Хичээлийн улирал, жил бүрт авах боломжтой
  • Амь насны даатгалд хамрагдсан байх
  • Хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр төлнө
  • Үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараа 3 жил хүртэлх хугацаанд тэнцүү хэмжээгээр төлнө.  Зээл төлөх хугацаа сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртэл, зээлийн хүү 5 хувь.

 

Дахин санхүүжилтийн зээл:

  • Сургалтын төлбөр төлөх зориулалтаар банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх
  • Хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрийг зээл шилжүүлснээс хойш сар бүр төлнө.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин