Онгоцны сэгийг олжээ

img

Францын нийслэл Парис хотоос Египетийн Каир хот руу хөөрсөн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоц Газар дундын тэнгист осолдсон нь тодорхой боллоо. Аврагчид өчигдөр 14.00 цагийн орчимд Египетийн хойд зүгээс 290 км-ийн цаанаас сураггүй алга болоод буй онгоцны суудал, зорчигчдын чемодан, онгоцны зарим хэсэг болон цогцос зэргийг олсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Аврагчдын олсон хэсгүүдийг Каир хотноо авчирч, шалгаж эхэлсэн байна. “Одоогоор онгоцны эх биеийг олоогүй” хэмээн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси мэдэгджээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Бид энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Зорчигчдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж хэлсэн байна.

 

“Egypt Air” компани өчигдөр хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Онгоц осолдохоосоо өмнө түгшүүрийн дохио илгээсэн болохыг тогтоосон. Онгоцны бүхээгний хэсэгт гал гарсан гэх дуудлагыг хүлээн авсан. Гэхдээ гал юунаас болсон, тэсрэх бөмбөг эсэхийг тодруулах боломжгүй. Зөвхөн хар хайрцаг л энэхүү дохионы учрыг тайлах болно” гэж мэдэгджээ. 

 

Онгоцын эрлийн ажилд Египет, Грек болон Францын мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ