Онгоцыг нь устгана хэмээн заналхийлж байжээ
2016-05-23

Египетийн онгоцыг устгана хэмээн өмнө нь заналхийлж байсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Газар дундын тэнгист осолдсон Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцыг сөнөөнө хэмээн өмнө нь заналхийлж байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Египетийн Ерөнхийлөгч асан Муххамед Мурсигийн дэмжигчид гэх “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн 2014 оны эхээр сүйрсэн онгоц дээр арабаар “Бид энэ онгоцыг удахгүй сөнөөх болно. Бид амлалтаа биелүүлж чадна” хэмээн бичиж байжээ. Уг үйл явдалтай холбогдуулан Египетийн эрх баригчид онгоцны сүйрэлтэй тус хөдөлгөөнийг холбоотой хэмээн таамаглаж буйгаа мэдэгдсэн байна.

 

Армийнхан Мурсиг 2013 оны долоодугаар сард төрийн эрхээс түлхэн унагаасан билээ. Генерал Абдул Фаттах аль Сиси Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдийг баривчлах тушаал гаргаж, жагсаал хийсэн, тус хөдөлгөөнийг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийг хатуу шийтгэхээ мэдэгдсэн юм. Энэ хугацаанд 200 гаруй хүн ял авчээ.

 

Гэхдээ Мурсигийн асуудал “Egypt Air” компани болон сүйрсэн онгоцтой ямар холбоотой нь нууц байна.  Нэгэн гэрч “Мурсиг төрөөс зайлуулсаны дараа Египет даяар “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дэмжигчдийг ажлаас нь халж эхэлсэн. Мөн “Egypt Air” компани тус бүлэглэлтэй холбоотой гэх олон ажилтныг гэнэт халсан. Тэд ийнхүү өшөөгөө авчээ” гэж “AFP” агентлагт ярьжээ. Одоогоор уг асуудлаар “Egypt Air” компани тайлбар хийгээгүй байна.

 

“Egypt Air” компани дээрх заналхийллийн дараа нислэг бүртээ энгийн хувцастай хоёр хамгаалалтын ажилтанг хамт явуулах болжээ. “Парисаас Каир хүрэх байсан “MS804” нислэгт аюулаас хамгаалах албаны гурван ажилтан зорчиж явсан” хэмээн нэрээ нууцалсан гэрч мэдээлж байжээ.

 

“Airbus A320-232” онгоц Парисаас амжилттай хөөрөөд Египетийн агаарын хил рүү нэвтрэхээсээ 10 минутын өмнө радарын дэлгэцнээс алга болсон юм. Тэгвэл онгоц сураггүй алга болохоосоо өмнө төв станц руугаа аюулын дохио илгээсэн байна. “Уг дохио нь гал гарсан гэх дуудлага” хэмээн “Egypt Air” компанийн мэргэжилтэн хэлжээ. Гал нисгэгчийн бүхээгт гараагүй харин угаалгын өрөөнөөс эхэлж гарч, утаа нь нисгэгчийн бүхээг рүү орсноор онгоц осолдсон байна.

 

“Энэхүү галыг санаатайгаар тавьж, онгоцыг сүйрүүлсэн” хэмээн Ерөнхийлөгч Сиси мэдэгджээ. Гэхдээ ахмадын илгээсэн учир битүүлэг дохио галын дуудлага, террористуудын дайралт эсвэл тэсрэх бөмбөг эсэх нь тодорхойгүй байна.

 

“Airbus A320-232” онгоцыг Мухаммед Сайд Али Али Шоукар гэгч жолоодож явжээ. Тэрээр 6000 цагийг агаарт өнгөрөөсөн туршлагатай нэгэн. Ахмад Парисын “Charles De Gaulle” нисэх буудлаас хөөрөхөөс өмнө багийн зарим гишүүний хамтаар селфи зургаа авахуулж, фэйсбүүктээ нийтэлж, “Тэнгэр цэлмэг байна. Үнэхээр сайхан нар байна” гэж бичжээ.

 

 

Ерөнхийлөгч Сиси өчигдөр 17.00 цагт “Airbus A320-232” онгоц сүйрсэн болохыг албан ёсоор баталж, зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Учир нь аврагчид Египетийн хойд зүгээс 290 км-ийн цаанаас онгоцны сэг, хэлтэрхий зэргийг олсон байна. Мөн аврах хантааз, хоол хүнснээс гадна зарим зорчигчийн цогцсыг олжээ. Цогцоснуудыг Каир хот руу илгээж, ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

Каир хотноо өчигдөр зорчигчдын ар гэрийнхэн тайван жагсаал зохион байгуулж, онгоц ямар хүчин зүйлийн улмаас осолдсон талаар дэлгэрэнгүй тайлбар хийхийг шаарджээ. Эрх баригчид хар хайрцаг олдох хүртэл ямар нэгэн тайлбар хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн аж. Онгоцны сэг зэрэг олдоод буй бүс нутгуудад шумбагчид онгоцны хар хайрцгийг эрэн хайж байна. Уг ажиллагаанд Египет, Грек, Францын мэргэжилтнүүд оролцож эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
test
2016-05-23
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-05-23