АН-ын генсек Л.Эрхэмбаяр анхааруулга өглөө

Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшигчид 100 сая төгрөгийн татвар төлөхийг тус дүүргийн АН-аас тогтоол гаргаж, баталсан баримтыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр дэлгэсэн. Тэрбээр намын дунд шатны байгууллага татварын хэмжээг тогтоох эрхгүйг хэлээд ийм хэмжээний мөнгө төлж, УИХ-д нэр дэвших шаардлагагүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл эл баримтаас үүдэж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр аймаг, дүүргийн намууддаа албан бичиг явуулж, анхааруулга өгчээ. Албан бичигт “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасныг болон Ардчилсан намын гишүүний татварын журмын 6.1 дэх заалт, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 6.1 дэх заалтыг тус, тус баримтлан ажиллахыг дунд шатны намуудад чиглэл болгож байна” гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ