Ард түмэн бидний захиалагч
2016-05-25

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт  баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани болох “Фронт гейт ХХК”-тай хамаатуулж, тендерийг будлиантуулсан талаарх нэвтрүүлэг телевизээр цацагдсан. Тиймээс  Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг  шүүхэд хандан нэр төрөө сэргээлэхээ мэдэгдсэн билээ. Харин сэтгүүлч Л.Пүрэвням  бэлтгэсэн нэвтрүүлэгтэй холбогдуулан өнөөдөр “Монгол ньюс”-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ: 

 

-Би 19 жил сэтгүүлчийн ажлыг хийж байна. Дорноговь аймгийн Засаг дарга Сүнтий овогтой Пантийн Ганхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ сэтгүүлч намайг зориуд зохион байгуулалттай  гүтгэлгийн нэвтрүүлэг тараалаа гэсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хөвсгөл аймгийн Галт сум буюу миний төрсөн сумын 60 айл амьдардаг. Замын-Үүдэд 15 мянган иргэн оршин сууж байгаа. Тэдний эрх ашгийн төлөө бид энэ нэвтрүүлгийг хийсэн. “Хачиргүй үнэн” сэтгүүлчдийн бүлгэм эрэн сурвалжлах сэтгүүлзүйг Монголд хөгжүүлэхийн төлөө нэлээд олон удаа нэвтрүүлэг хийсэн.  Ард түмэн бидний захиалагч. Үнэнд нь шударга байх асуудал бидний захиалагч болохоос биш хэн нэгний төлөө энэ нэвтрүүлгийг хийгээгүй юм. Замын-Үүдийн Соёл, спортын цогцолбор барих ажил яагаад бүтэлгүйтсэн, энэ тендэр яагаад будилаантай болсныг та бүхэнд баримттайгаар нотолъё хэмээлээ.   

 

Замын-Үүдийн Соёл, спортын цогцолборын төслийн тендэрийг авсан “Фронт гейт” компани барилгын засал чимэглэл, гадаад худалдаа хийдэг аж. Тус компани нь 250650 төгрөгийн дүрмийн сантай аж. “Энэ компани яахаараа 5,8 тэрбум гаруй төгрөгийн тендэр авсан бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тийм болохоор бид энэ баримтыг сөхөж тавьсан юм. “Фронт гейт” компани энэ ажлыг хийхбололцоогүй байна гэдгийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн явуулсан бичигт тодорхой заасан байгаа. Тус компанийн “1.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрөөр санхүүжихээр ирүүлсэн материалыг Сангийн яаманд уламжилсан боловч уг төсөл арга хэмжээг гүйцэтгэгч банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг ХААН банкнаас гаргаагүй болох нь тогтоогдлоо” гэж албан бичигт дурджээ.  Тиймээс тендэрт оролцох боломжгүй гэсэн албан бичгийг  Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны газарт 2013 онд хүргүүлсэн байдаг.  Сангийн яам ч мөн тодотгож, материалыг нь буцаасан байдаг. Гэтэл энэ тендэрийг шалгаруулаад 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны газартай барилга угсралтын гэрээ хийсэн байна. Гэрээний нийт үнийн дүн 5 тэрбум 844 сая 073 мянга 706 төгрөгийн ажил.  Захиалагчаар гэрээг гүйцэтгүүлэхдээ эхний ээлжинд 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 60 хувийн барилгын гүйцэтгэлийг гаргаж ирүүлсэн тохиолдолд  30 хувийн санхүүжилтийг нэмж олгож,  дунд шатны ажлын гүйцэтгэл гаргаж ирүүлсэн үед 25 хувийн, ажлыг бүрэн дуусгаж хүлээн авсан комиссын акт гарсны дараа 15 хувийн санхүүжилтийг олгоно гэсэн. Гэтэл энэ компани Соёл, спорт цогцолборын барилгын угсралтын ажлын 71 хувийг авчихсан байдаг. Ажлаа дуусгаж чадахгүй болохоороо Дорноговь аймгийн ХААН банкны салбараас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

 

Яагаад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг уг зээлийг олго гээд дахин дахин шахаж, албан бичиг явуулсан бэ.  Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илтгэж байна. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх ХААН банкны салбарт “Шинэ сумын төв төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Фронт гейт” компанийн зээлийн хүсэлтийг нааштайгээр шийдэж өгнө үү” гэсэн бичгийг явуулсан байдаг. Мөн тухайн үеийн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад ч энэ талаарх албан хүсэлт илгээжээ.  Энэ нь  Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг ашиг сонирхлын зөрчилтэйг нь илтгэсэн байна. Харин тус компанийн гүйцэтгэх ажил хугацаандаа хийгдээгүй. Мэргэжлийн хяналтын газраас барилгын хийц хугацаандаа яваагүй байна гэж дүгнэн гэрээг сунгасан акт үйлдсэн. Ажлаа хийж чадаагүй компанийн гэрээг сунгасан нь мөн асуудал.  Бид нэвтрүүлэг хийж байхдаа нэг алдаа гаргасан. “Фронт гейт” компанийн захирал Цэвэлмаатай хамтарч зээл авсан Гансүх гэх хүний асуудал сөхөгдсөн. Гансүх гэх хүн хоёр регистрийн дугаартай, гадаад паспорттой байсан учраас зээл авчаад Америк гарчээ гэсэн мэдээллийг нэвтрүүлэгтээ хүргэсэн. Гэтэл ах дүү, амраг садантай нь уулзаж холбогдоход энэ хүн 2012 онд бурхан болсон байна. Тиймээс алдаа гаргасандаа талийгаачийн ар гэрээс хүлцэл өчье.

 

Харин барилгын ажил явагдаагүй байхад уг ажлыг үргэлжлүүлэх  хүсэлтийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг дахин явуулсан байна. 292 сая 203 мянган 605 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа байршуулсан учир чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Соёл, спортын барилгын цогцолбор араг яс төдий, ил гар гарсан байдаг. Үүнээс болоод энэ барилгын гол нуруунуудыг нурааж, дахин эхлүүлэх шаардлагатай гэсэн холбогдох байгууллагын бичиг байдаг. Барилгын хөгжлийн үндэсний төвөөс энэ талаар дүгнэлт гаргасан байна хэмээлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ashig sonirholiin zerchil, alban tushaalaa urvuulan ashiglakh ged yariad baihiin iim uildeluud bgad baihiin yu gej oilgoh be? .......huuli gargad heregjilt baihgui yas ahruitslaga tootsohgui bna l gesen ug gej oilgohiin bna
2016-05-25