Талибаны удирдагчийг эрэн сурвалжилж байна
2016-05-27 09:45

Пентагоноос алан хядах “Талибан” бүлэглэлийн шинэ тэргүүнийг эрэн сурвалжилж, түүний байршлыг үнэн зөв зааж өгсөн хүнд их хэмжээний мөнгө амласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэхдээ үнэн мэдээлэл хэлсэн хүнд хэр хэмжээний мөнгө өгөхөө зарлаагүй байна. Мөн мэдээлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангахаа Пентагоны тэргүүн онцолжээ.

 

Америкчууд өнгөрсөн амралтын өдөр нисгэгчгүй онгоцны тусламжтай тус бүлэглэлийг 2015 оноос хойш удирдаж байсан Мулла Мансур гэгчийг жолоочийнх нь хамтаар устгасан билээ. Уг мэдээллийг талибанчууд баталсан бөгөөд өчигдөр шинэ удирдагчаа сонгосон талаараа олон улсад мэдэгдсэн юм.  

 

Шинэ тэргүүнээр Хайба-тулла Ахун-зада сонгогджээ. Өмнө нь тэрбээр “Талибан” бүлэглэлийн шариатын шүүхийг даргалж байсан юм. Тэрбээр америкчуудаас цусан өшөө авахаа мэдэгдээд байгаа. Пентагон түүнийг аюул учруулахаас нь өмнө устгахаар төлөвлөж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин