Улаанбаатар
Шилдэг эмч нарт Ерөнхийлөгчийн шагналыг гардуулав
2016-5-30

 

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, жил бүр шилдэг залуу эмч нарт нэрэмжит шагналаа гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ланжаагийн Баттулга, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Нанжидын Биханзрагчаа, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Солонгосын Гантуяа нар хүртлээ. Шагналыг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд гардуулж, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа байлцан Ерөнхийлөгчийн шагнал хүртсэн эмч нартаа баяр хүргэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

 

“Монгол Улсад анх удаа сэтгэц-физиологийн шинжилгээ хийх полиграф аргыг нэвтрүүлж, шүүхийн сэтгэцийн эмгэгийн дүгнэлт гаргах ажлыг боловсронгуй болгоход онцгой хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ланжаагийн Баттулга,

 

Хөдөө, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг, түргэн шуурхай үзүүлж, дурангийн мэс заслын аргыг өөрийн эмнэлэгт амжилттай нутагшуулан ажиллаж буй идэвх зүтгэлийг нь өндрөөр үнэлж Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Нанжидын Биханзрагчаа,

 

Эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлстээ өндөр амжилт гарган ажилласан Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Солонгосын Гантуяа нарт шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг тус тус хүртээсүгэй” гэжээ.

 

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс шилдэг залуу эмч нарт баяр хүргэж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх цаашдын ажилдаа улам их амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөв. 

 




Shuud.mn
Сонин хачин