Багдад хотод цуврал халдлага гарчээ

Иракийн армийнхан нийслэл Багдад хотоос 31 км-ийн цаана байрлах Эль Фаллужи хотыг бүрэн чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Армийнхан өнгөрсөн сарын 25-наас эхлэн довтолгоогоо эхэлсэн бол олон улсын цэргийн эвсэл Эль Фаллужи хотноо байрлах хэт даврагчдын нуувч, зэвсэг болон мөнгөний агуулах зэргийг устгасан юм.
Тулааны үеэр тус хотноо 50 мянган хүн байсан хэмээн Пентагон мэдээллээ. Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрөгч долоо хоногт өөрсдийн хяналтад байгаа бүс нутагт амьдарч буй иргэдийг хил давахыг хатуу хориглосон юм. Эль Фаллужи хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр армийн 50 гаруй дайчин амиа алдсан байна. Пентагон тулааны үеэр хэдэн хэт даврагч амиа алдсан болохыг удахгүй мэдээлнэ гэжээ.
Армийнхан Эль Фаллужи хотыг чөлөөлсөний дараа Багдад хотноо цуврал халдлага гарчээ. Амиа золиослогч этгээд худалдааны төвийн зогсоол дээр өөрийгөө егүүтгэсэн байна. Харин хагас цагийн дараа уг худалдааны төвийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрчээ. Эхний халдлагаар есөн хүн амиа алдсан бол дараагийн халдлагаар 12 хүн амиа алдсан хэмээн Багдад хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ