Хөлбөмбөгийн залуу одыг хулгайлжээ
2016-05-31

Мексикийн хөлбөмбөгийн од 25 настай Алан Пулидог гэмт этгээдүүд хулгайлсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Алан өнгөрөгч ням гаригт бэлтгэлдээ явах үедээ сураггүй алга болжээ. Цагдаагийнхан болон сайн дурынхан тусгай эрлийн ажиллагаа явуулсан байна. Иргэдийн мэдээллийн дагуу тамирчин залууг Тамаулилас мужийн ойгоор эрэн хайжээ. 

 

Нэрээ нууцалсан гэрч  “Аланыг зэвсэгт этгээдүүд хулгайлсан. Би харсан. Тэд ой руу явцгаасан” хэмээн хэлсэн байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд тамирчинг өчигдөр 19.00 цагийн орчимд гэмт этгээдүүдээс чөлөөлж чаджээ. Алан барьцаалагдсан үедээ цагдаагийн газар руу залгасан байна.

 

Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 38 настай эрэгтэйг баривчилжээ. “Мөн түүний хамсаатан байх магадлалтай гурван этгээдийг саатуулсан” хэмээн Мексикийн Ерөнхий прокурор Исмайл Квинтанилла мэдэгджээ. Тамирчны гэрийн ойролцоо цагдаагийнхан хамгаалалтад гарчээ.

 

“Чөлөөлөх ажиллагааны үеэр тамирчны нэг гарын бугуй хүнд гэмтсэн” хэмээн менежер нь “AFP” агентлагт ярьжээ. Алан Пулидо Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин бөгөөд 2014 оны ДАШТ-д оролцож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин