Нийслэлчүүд сүүний өдрийг тэмдэглэж байна
2016-05-31

Гэрэл зургуудыг MPA.MN

 

2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар жил бүрийн энэ өдрийг Дэлхийн сүүний өдөр болгон зарлаж, тэмдэглэсээр ирсэн.  Харин Монгол Улсад анх удаагаа энэ өдөр “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Тус өдрийг дэлхий нийтээр 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа бол манай улс анх удаагаа “Эх орны сүү, эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэж байна. Цаашид ХХААЯ болон “Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 

ХХАА-н сайд Р.Бурмаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс бүр хүрэл зэвсгийн үеэс эхлэн малыг гэршүүлж, 200 гаруй нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн боловсруулан хэрэглэж ирсэн. Тийм ч учраас сүүгээ дээдэлж, сүүгээр амилдаг Монгол түмэн маань энэхүү арга хэмжээг дэмжин оролцож, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх улмаар сүүний салбарт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхэд хүч, бүл нэмж байгааг харахад таатай байна. Төр засгаас онцгойлон анхаарч хүнсний тухай хуулиар сүүг стратегийн хүнсний ангилалд оруулснаар хуурай сүүний импортод хязгаарлалт хийх, сүү боловсруулах, сүү үйлдвэрлэгч нартаа Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс 2012-2015 оны хооронд нийт 47 аж ахуй нэгжид 38.4 тэрбум  төгрөг. Сүүний чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуй шинээр байгуулах, өргөжүүлэхэд зориулж 74 аж ахуй нэгжид 1.6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг тус тус олгож бүтээгдэхүүний үйлчилгээ нэмэгдэхэд хөрөнгө оруулалт хийж ажиллаа. Цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдын үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг сүүн бүтээгдэхүүн болгох зэрэг бодлогыг баримталж байна. Монгол үнээний сүүгээр хүний бие мах бодид шаардлагатай төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндсэний үйлдвэрүүддээ талархаж байна” хэмээв.

 

Малчдын бэлтгэсэн сүү стандартад нийцэхгүй байна

 

 

 “АПУ” ХХК-ны сүү нийлүүлэх албаны сургалт хяналтын технологич менежер Б.Ганбаяр малчдаас ирж буй сүү, сүүн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангадаг эсэх талаар ийн ярьж байна.

 

-Сүүний аж ахуй эрхэлж байгаа малчид, фермерүүдийн хувьд нэг л асуудал байна. Малчид маань сүүний болон саалийн хугацааг уламжлалт байдлаар авч явж байгаа нь хот суурин газрын хэрэглэгчдэд хүндрэлтэй асуудал болдог. Түүнчлэн малчдын сүүний нийлүүлэлт өвөл, хаврын цагт их багасч, зун намрын улиралд ихэсдэг нь сүү үйлдвэрлэгч салбарын хувьд жаахан хүндрэлтэй асуудал үүсгэдэг. Тогтсон хэв маяг, журмын дагуу буюу зах зээлийн хуулийн дагуу явахгүй байгаа нь сүүний салбарын хөгжилд том саад болж байгаа тал бий. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг тойрсон олон фермерүүд дотроос зарим нэг нь үнэхээр зах зээлийн шаардлага хангасан сүү нийлүүлж байна. Гэхдээ ихэнхи харилцагч, нийлүүлэгчид маань хуучин уламжлалт аргаараа сүүгэ бэлтгэдэг учраас чанар, стандартад нийцэхгүй асуудал байна. Энэ л сүү үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том асуудал болж байгаа. Хэрвээ малчид маань сүүнийхээ ариун цэвэр, стандарт шаардлагыг хангаж чадвал бүх аж ахуй нэгжид сүүгээ нийлүүлэх бүрэн боломж байгаа” хэмээсэн юм.

 

“Чингисийн талбай”-д нийт 20 асар барьж, нийтдээ 70-80 гаруй байгууллага оролцож байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн Захирагчийн алба, “Глобал Коммунитиес” олон улсын байгууллага, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо, “Монсүү” ХХК, Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл зэрэг мэргэжлийн холбоод оролцож байна. Түүнчлэн “Сүү” ХК, “АПУ” ХК, “Тесо Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Сүүтэй Монгол” ТББ зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байлаа.

 

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газраас бага насны хүүхдүүдийн шүд, биен дэх кальцийн хэмжээ тогтоох, ясны сийрэгжилтийг оношлох зэрэг үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байлаа. Түүнчлэн оролцогч компаниуд сугалаатай худалдаа явагдаж, азтанд бүтэн болон хагас жил сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй авч хэрэглэх эрхийн бичиг олгох аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин