Н.Энхбаяр: Ц.Элбэгдоржийн гар хөл миний эрхийг зөрчиж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга, өмгөөлөгч Н.Оюунбилэг нар мэдээлэл хийлээ.
МАХН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт, материалаа өнгөрсөн сарын 30-нд СЕХ-нд хүлээлгэн өгсөн. Харин СЕХ өнөөдөр тавдугаар сарын 31-ний өдрийн огноотой албан бичиг явуулж, Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарыг бүртгэхээс татгалзсанаа дуулгажээ. МАХН-ын дарга нарын ялтай байх хугацаа дуусаагүй учраас нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг СЕХ өгсөн байна. Үүнд хариу болгож, МАХН-ынхан хэвлэлийн хурал хийсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгууль шударга бус болвол луйварчдын төр бүрдэнэ. Энэ алдаа завхралыг засахын төлөө зорьж, ажиллаж байна. Харамсалтай нь өмнөх сонгуулиар луйвар булхай хийж, ард түмнийг хууран мэхлэн гарч ирсэн МАН, АН-ын нам нам дамжсан олигарх бүлэглэлүүд хуйвалдсан хэвээрээ. Өөрсдөдөө ашигтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сонгуулийн хуулийг өөрчилсөн. Одоо тэр үйл ажиллагаа нь гүнзгийрч, бүр давраад өөрсдийн гар хөл болсон байгууллагуудаар дамжуулж, шударга сонгууль явуулахад бүхий л төрлөөр саад бэрхшээл учруулж байна. Үүнд бид бууж өгөхгүй” гэв.
Мөн тэрбээр Р.Чингис даргатай ЦЕГ-ын хамт олон намайг болон Э.Эрдэнэжамъян, бусад нэр дэвшигчдийг сонгуульд оруулахгүйн тулд хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын гар хөл. Цөөн хэдэн хүнд үйлчилж, тэднийгээ дахин УИХ-д олонх болгож, Тавантолгойг авч идэх гэсэн санаархалд үйлчилдэг байгууллага хэмээн ярив.
Цагдаагийн байгууллагаас гадна СЕХ ч МАНАН-ын гар хөл болсон байгууллага гэдгийг тэрбээр хэлэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нь АН-ынх бол орлогч дарга Ц.Болдсайхан нь МАН-ын хүн. Тэд ч сонгуулийг будилуулах бусармаг үйл ажиллагааг явуулж буйг Н.Энхбаяр хэлэв.
Тиймээс МАХН-ынхан ЦЕГ-ын дарга Р.Чингист гомдол гаргажээ. Хуулийг мушгин тайлбарлаж, цагдаагийн албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ял эдлээгүй Н.Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй хэмээн гаргасан лавлагаагаа залруулахыг шаардсан байна. Лавлагааг маргаашийн дотор өгөхийг хүссэн бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдлээ.
Мөн Улсын дээд шүүхэн хандаж, СЕХ-ны шийдвэрийг засч залруулахыг хүссэн байна.
Эцэст нь тэрбээр “намайг сонгуульд орохгүй байсан ч Энхбаярын багийг дэмжээрэй. МАН, АН ямар ч найдлагагүй болсон” гэсэн захиасыг ард түмэнд дамжуулав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ