Тусламжийн барааг шүхрээр буулгана
2016-06-03

Сирийн зарим бүс нутагт олон улсын хүмүүнлэгийн цуваа нэвтэрч чадахгүй байгаатай холбогдуулан НҮБ тусламжийн барааг шүхрээр буулгах санал дэвшүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. НҮБ уг санаачлагыг нь Их Британи, Франц болон АНУ-ын эрх баригчид дэмжихийг уриалжээ.

 

Пентагон “Шүхрээр тусламжийн цувааг буулгах нь хэтэрхий эрсдэлтэй. Хэт даврагчид эсвэл зэвсэгт бүлэглэлүүд тусламжийг пуужингаар харвах магадлалтай” гэж мэдэгдсэн бол Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Сайхан санаа байна. Гэхдээ бид эрсдлийг тооцох хэрэгтэй. Сайтар судалгаа, сургуулилт хийсэн цагт НҮБ-ын санаачлагыг хэрэгжүүлэх боломжтой” гэсэн байна.

 

Их Британи, Францын эрх баригчид тохиролцсоны эцэст энэ сарын 1-нд Сирид тусламжийн бараа нийлүүлэх байсан юм. Харамсалтай нь дээрх бараа бүтээгдэхүүн хилийн гадна тодорхойгүй шалтгааны улмаас гацсан болохыг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ.

 

Энэхүү тусламж сүүлийн 3, 4 жил тусламж очоогүй Сирийн Дарайя хотноо хүрэх байсан юм. 2012 оны арваннэгдүгээр сард Дарайя хотыг Сирийн армийнхан бүсэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин