Хотлун гүнжийн дүрийг А.Баярцэцэг бүтээнэ
2016-06-03

 

“Шүүдэр” продакшн Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай “Хотлун гүнж” түүхэн уран сайхны киног бүтээхээр болжээ. Тус киноны гол дүрийн гүнжийн дүрд жүжигчин, мисс А.Баярцэцэг сонгогдсон байна.

 

“Ану хатан” киногоо “Warrior Princess” Америкийн зах зээлд  гаргасан “Шүүдэр” продакшн дахин томоохон хэмжээний түүхэн киноны төслийг өнгөрсөн оноос эхлүүлжээ. “Хотлун гүнж” уран сайхны кино нь Юан гүрний сэдвээр бүтээж буй анхны монгол кино бөгөөд монгол бөх, монгол цэргийн тулааны урлагийг үзүүлэх зорилготой тулаант, адал явдалт төрлийн бүтээл байх ажээ.

 

Тус кино нь  Юан гүрний үед Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэйн угсааны Хайду хааны охин, эцэгтэйгээ мөр зэрэгцэн байлдаж явсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай бүтээл аж. Киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хамтран бичиж, продюсераар Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар америк уран бүтээлч ажиллаж, 4K форматаар бүтээх гэнэ.

 

Хайду хааны дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Хотлуны ээж Буман хатны дүрд МУСТА Б.Эрдэнэцэцэг, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатрын дүрд МУСТА У.Батбаатарын хүү, жүжигчин Б.Анхбаяр нар тоглохоор шалгарсан байна.

 

Хотлун гүнжийн дүрд тоглохоор сонгогдсон А.Баярцэцэг нь “Ертөнцийн мисс-2016” тэмцээнд шилдэг 16-д шалгарсан, “Марко Поло-2” цуврал кинонд Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон, Холливудын хэд хэдэн кино төсөлд оролцон тоглосон мэргэжлийн жүжигчин юм. Тэрбээр Холливудад жүжигчин мэргэжлээр суралцан төдийгүй тулааны урлагаар хичээллэдэг аж.

 

“Хотлун гүнж” уран сайхны кино 2017 оны хавар нээлтээ хийх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин