Олон улсын цуурчид үнэгүй тоглолт хийнэ
2016-06-03

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран  “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, “Хүннү цуурчдын холбоо”-ны тэргүүн Б.Наранбат нар мэдээлэл хийлээ.

 

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол цуур” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэхүү олон улсын наадам-симпозиум зохион байгуулах ажээ.

 

Энэхүү наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгарын орон, ОХУ-ын Тува улс, манай аймгуудаас ирсэн 40 гаруй цуурч, судлаач оролцон, 10 гаруй судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

 

Цуур хөгжмийн талаар “Хүннү цуурчдын холбоо”-ны тэргүүн Б.Наранбат “Цуур хөгжим нь 2000 гаруй жилийн тэртээ Хүннү гүрний хөгжим хэмээн олон түмэнд танигдсан хөгжим. Цуур хөгжмийг манай өвөг дээдэс 8 үеэрээ уламжилсан. Манай өвөө аав Наранцогт гэдэг хүн Монгол Улсад хамгийн сүүлчийн голомтыг нь тасрах гэж байхад нь дэлгэрүүлсэн. Түүнээс хойш аав, би, манай удмынхнаас дамжаад түмэн олонд тархсан. Монгол Улсаас дэлхийд тархан ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгүүлэн одоо олон улсын наадам зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Энэ хөгжмөөс байгаль дэлхийг аргадах аялгуу гардаг. Эхнийх нь исгэрэх өнгө гардаг. Мөн “у” гэсэн урт эгшиг нэмэхэд баргил чанга дуу гардаг өвөрмөц хөгжим. Цуур хөгжмийг сурахад хүндрэлтэй биш. Сүүлийн үед залуучууд маш их шимтэн суралцаж байна” хэмээв.

 

Олон улсын цуурчдын наадмын нэгдсэн тоглолт энэ сарын 5-нд ҮДБЭЧ-ын тайзнаа болно. Тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэр нь Олон улсын уурчид гэхээр нь гайхлаа ш дээ
2016-06-03