Хотын Засаг дарга Баянзүрх дүүргийн иргэдэд ажлаа тайлагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа тавьсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж байна.
“Жанжин” клубт болж буй энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр нар оролцож байна. Уулзалтад тус дүүргийн 10 хорооны иргэдийн төлөөлөл болсон 300 гаруй хүн хүрэлцэн иржээ.
Хотын дарга “Иргэддээ тайлангаа тавиад явж байхад өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг их өндрөөр үнэлж байна. Өмнө нь хийж байгаагүй маш их ажлыг өнгөрсөн дөрөвхөн жилд хийж амжууллаа. Сэтгэл байвал ямар ч ажлыг хийж болдогийг харуулж чадлаа гэж иргэд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн ажил та бүхний нүдэнд ил байгаа учраас олон зүйл нуршмааргүй байна. Харин бидний хийсэн ажлын утга учир юунд байв гэдгийг тодруулж хэлье” гэсээр тайлангийн уулзалтаа эхлүүллээ.
Нийслэл хотод өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудын заримаас нь дурдвал, Улаанбаатар хотод 280 км авто замыг шинээр болон шинэчлэн барьсан. Энэ нь Улаанбаатараас Ерөөгийн гол хүрэх замын урттай тэнцэж байна. Зам тавиад зогсохгүй, замын бүтээмжийн ажилд маш том дэвшил гаргаж, рекорд тогтоолоо. Тухайлбал, Хүй долоон худагт 22 хоногт 8,7 км зам тавьсан. Гол замуудаа бүгдийг нь засч шинэчилсэн. Налайх орох замын ажлыг эхлүүлэх гэж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хотын 24 байршилд хийгдэж байна. 80 мянган орон сууц барих газрыг чөлөөлж, орон сууцжуулах ажил ид явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд 2500 гаруй айл хашааны газраа чөлөөлж, тохилог орон сууцанд амьдарч байгаа. Хашааны газарт дахин төлөвлөлт хийхээс гадна иргэдийн хашааанд цэвэр, бохирын шугам холбож өгөх газар инэчлэн зохион байгуулах ажил ч эхэлсэн гэдгийг хотын дарга хэллээ. Энэ он гарснаас хойш төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай үйлчлэх төвийг нийслэлийн 3 дүүрэгт байгууллаа. Хоёр, гуравхан сарын дотор эдгээр төвөөр хэдэн зуун мянган хүн үйлчлүүлээд байна.
Энэ мэтээр хотод хийсэн ажлаа хотын дарга Баянзүрхийнхэнд үргэлжлүүлэн тайлагнаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ