Хууль зөрчин завсарлуулсан чуулганы ирцээ З.Энхболд бүрдүүлж чадах уу
2016-06-06

 

Засгийн газрын гурван гишүүнийг огцруулах, оффшорын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, давхар дээлийг тайлах хуулийн төсөл зэрэг улстөрийн тогоонд буцалж байгаа асуудлыг “буцлахаас” урьтан өөрөөр хэлбэл сэрэмжлэн УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг тавдугаар сарын 24-нд завсарлуулсан. Угтаа энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу бол УИХ-ын сонгууль болохоос 30 хоногийн өмнө буюу тавдугаар сүүлээр завсарлах байсан ч ийнхүү гэнэтийн шийдвэр гаргуулж амжсан. УИХ-ын гишүүд “Даргын зөвлөлийн өмнөх хуралдаанаар зургаадугаар сарын эхээр завсарлуулах байсан ч сайдуудын асуудал, АТГ-ын даргын томилгоо, Хөгжлийн банкинд оруулсан шалгалтын хариу яригдаад эхэлмэгц улс төрийн тохироо, нударга доторх наймаа нь бүтэлгүйтэх нь гээд гэнэтийн шийдвэрийг гаргуулж чуулганыг завсарлуулсан” гэж үзээд байгаа. Үүнийгээ ч нуугаагүй.

 

Үнэндээ УИХ-ын дарга З.Энхболд болон даргын зөвлөлийн гишүүд улстөрийн намууд, бүлэглэл, фракциудын талцаж байгаа асуудлаас дээгүүрт тавьж хэлэлцэн батлах учиртай байсан хэд хэдэн хуулийн төсөл, асуудлууд огтхон ч тоогоогүй.

 

Үнэндээ УИХ-ын дарга З.Энхболд болон даргын зөвлөлийн гишүүд улстөрийн намууд, бүлэглэл, фракциудын талцаж байгаа асуудлаас дээгүүрт тавьж хэлэлцэн батлах учиртай байсан хэд хэдэн хуулийн төсөл, асуудлууд огтхон ч тоогоогүй. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах учиртай байсан. Мөн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцах байсан. Гэсэн ч эрх баригч хүчин Хөгжлийн банктай холбоотой олон “но”-гоо илрүүлж, МАХН-тай хийсэн тохироог бүтэлгүйтэхээс сэргийлж сонгуульдаа бэлтгэл базаахыг илүүд үзсэн  нь энэ.

 

Чуулганыг завсарлуулсан асуудал ингээд дүүрч. Угаас дүрэмгүй тоглодог З.Энхболд даргад хууль үйлчлэхгүй биз. Харин одоо анхаарал хандуулах асуудал бол энэ сарын 23-нд үргэлжлэн хуралдах хаврын чуулган хуралдаж чадах болов уу. Өөрөөр хэлбэл сонгууль болохоос зургаахан хоногийн өмнө тойрогтоо ажиллахаар явсан гишүүд хуралдаа ирж, ирцээ бүрдүүлж чадах эсэх нь бүрхэг. Энгийн үед ч чуулганы хурал нь ирц бүрдэхгүйгээс олон цаг, өдрөөр хүлээдэг бизээ. Харин сонгууль болох гээд амьсгаа дээр яваа гишүүд хуралдаа ирж нийгэм эдийн засгийн чиглэл, төлөвөө хэлэлцэнэ гэдэг юу л бол.

 

Нөгөөтэйгүүр чуулган хуралдсан тохиолдолд эхэнд дурдсан асуудлуудыг яаравчлан хэлэлцэх нь зүйтэй болов уу. Дээрх хуулийн төслүүдийг батлаагүйгээс болж төсөвт багууллагууд ирэх 2017 оны төсвийн төслөө боловсруулж чадахгүйд хүрлээ гэж дүгнэхэд хилсдэхгүй болоод байгаа шүү эрхэм гишүүдээ. Учир нь жил бүрийн долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллагууд ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулж эхэлдэг гэдгийг сануулах нь илүүц болов уу.

 

УИХ-ын гишүүд ч өнөө маргаашгүй сонгууль болох гэж байхад тойрогтоо ажиллахаа илүүд үзэхээс биш ирц нь бүрдэхгүй чуулганд ирж амжихгүй гэдгээ эхнээсээ хэлчихсэн. Ямартай ч хууль бусаар яаран сандран завсарлуулсан чуулганы талаар УИХ-ын гишүүд хэрхэн байр суурь илэрхийлэв?

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд

 

 

 Эрүүгийн тухай хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн тулд дагалдах хуулиуд батлах шаардлагатай байсан. Гэвч хойшлогдож байна. Одоо зургаадугаар сарын 23-нд эргэж цуглаад батлах боломж байхгүй. УИХ-ын гишүүд ихэнх нь тойрогтоо ажиллаад явна. Тэд сонгууль дуустал хуулиуд батлаад сууж байна гэж байхгүй. Ингээд есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн тухай хууль мөрдөгдөж эхлэх нь ойлгомжгүй болчихлоо. Хууль зөрчигдөөд явж байгаа нэг асуудал бол АТГ-ын даргыг томилох тухай асуудал байна. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан саналыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тодорхой бус шалтгаанаар энэ чухал байгууллагын даргыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Үүний цаана олон хардлага дагууллаа.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан   

 

 

Хаврын чуулганаар эдийн засгийн, нийгмийн үндсэн чиглэл, төсвийн 2017 оны мэдэгдэл, 2018, 2019 төсөөлөл зэрэг асуудлуудыг заавал хаврын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Эдгээр хуулийг баталснаар ирэх оны төсвийг батлах учиртай. 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх нь тун ач холбогдолтой байсан юм.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

 

 

Угтаа бол УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаж тавдугаар сарын 30-31-нд чуулганыг завсарлуулахаар байсан.  Гэтэл энэ удаагийн хаврын чуулганыг хууль зөрчин завсарлуулж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, баталж амжаагүйд харамсч байна. Энэ бол эмгэнэлтэй үйл явдал юм. Хууль эрх зүйн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын тухай хууль Хууль сахиулах ажиллгааны зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонсох байсан ч  амжсангүй. Мөн оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийг хэлэлцэх байсан ч АН-ынхан энэ хуулийг хэлэлцэж батлахгүйгээр чуулганыг завсарлууллаа. АН-ын дарга З.Энхболдын ам ажил нь зөрж байна.

 

Д.СҮРЭН

эх сурвалж: zaluu.com

Shuud.mn
Сонин хачин