Сүхбаатарын залуус аваргаар тодорлоо
2016-06-06

 

МҮСБХ-ноос зохион явуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг-2016” тэмцээн амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн “Үндэсний лиг” тэмцээнд тааруухан амжилттай оролцож хэсгээсээ шалгарч чадаагүй багууд Дэд хэсэгт өрсөлдөв.Харин өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа Тэргүүн хэсэгт хүч үзлээ. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунан үлдсэн.

 

Аваргын цуврал тун тэнцүүхэн өрнөсөн бөгөөд цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангай амар бууж өгөхгүй гэдгээ харуулан хоёр дахь тулаанд өрсөлдөгчөө ялсан. Шийдвэрлэх гурав дахь тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэн довтолгоо амжилттай болгож байсан уламаар тэд Архангайг 97:84-өөр хожсон юм. Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авснаар “Үндэсний лиг-2016” тэмцээний аваргаар тодорлоо.

 

 

Харин  Тэргүүн хэсгийн хүрэл медалийн Орхон аймгийн шигшээ хүртсэн бөгөөд тэд медалийн төлөө Увс аймгийн багтай өрсөлдөн 79:69-өөр хожсон юм.

 

Тэмцээний шилдэг тоглогчоор Б.Батзолбоо шалгарав. Тэрбээр 12 тоглолтод оролцож 11,8 оноо, 6,1 самбараас бөмбөг авалт дунджилсан юм. Сүхбаатар аймгийн шигшээ өнгөрсөн жил тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн түүхтэй.

 

Shuud.mn
Сонин хачин