Хулгайч, хар тамхичдаас салах Ерөнхийлөгчийн төлөвлөгөө

Филиппинийн шинэ Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр Үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2016-2017 онд Филиппинийг хар тамхигүй, гэмт хэрэггүй улс болгохоор төлөвлөж буйгаа дуулгажээ.
Ерөнхийлөгч “Би цагдаа нарт бага зэрэг итгэл алдарч байна. Энэ оны байдлаар хар тамхины хэргээр тун цөөн хүн баригдсан. Харин иргэдийн мэдээллийг харахад цагдаа нарын барьсан гэмт хэрэгтнүүдээс хэдэн мянга дахин илүү байна. Цагдаа нар хэтэрхий ачаалалтай ажилладаг учир тэдний соргог байх мэдрэмж алдагдсан бололтой. Тиймээс би ард түмэнтэйгээ хамтран Филиппинийг хулгайч, хар тамхичдаас чөлөөлөхөөр төлөвлөж байна” гэж хэлжээ.
Тэрбээр хар тамхи татдаг, худалдаалдаг, борлуулдаг, мөн хулгай хийж буй хүмүүсийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд Ерөнхийлөгчийн одон болон мөнгөн шагнал өгөхөөр болжээ. Ерөнхийлөгч сард нэг удаа ордондоо иргэний үүргээ амжилттай гүйцэтгэсэн иргэдийг хүлээн авч, шагнахаар болсон гэнэ.
Шууд нэвтрүүлгийн дараа иргэд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч твиттертээ “Ард түмний оролцоо хамгийн чухал” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ