Пхеньян плутонийг үйлдвэрлэж эхэлжээ
2016-06-07

Хойд Солонгос улс цөмийн зэвсэг хийхэд ашигладаг плутонийг үйлдвэрлэж эхэлсэн талаар Олон улсын цөмийн энергийн байгууллага мэдэгдлээ.  Тус байгууллагын тэргүүн Юки Амано “2007 онд үйл ажиллагаагаа зогсоосон “Yongbyon” цөмийн үйлдвэрт хөдөлгөөн ажиглагдах боллоо. Бидний таамаглаж буйгаар хойдууд тус үйлдвэрт плутонийг үйлдвэрлэж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр сансраас авсан гэрэл зураг дээр үндэслэн уг мэдээллийг хийсэн байна.  

 

Пхеньян түлшнээс плутони гарган авахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ уг мэдээллийг “KCNA” агентлаг эрс үгүйсгэсэн байна.  Хэдхэн өдрийн өмнө хойдууд дунд тусгалын пуужин харвасан ч бүтэлгүйтсэн билээ. Энэ оны байдлаар тус улс “Мусудан” загварын дөрвөн пуужин туршсан ч бүтэлгүйтсэн юм.  Эдгээр пуужингийн туршилт бүтэлгүйтсэний улмаас тус улс 80 сая ам.долларыг салхинд хийсгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин