Японы сайдыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2016-06-07

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихараг өнөөдөр (2016.6.7) хүлээн авч уулзаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааны түүхэнд онцгой өдөр гэж үнэлж байгааг тэмдэглэлээ.

 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үйл явц хэдэн жилийн туршид үргэлжилж, хоёр талаас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд өнөөдрөөс уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес  эрхлэгчид  үр шимийг нь бодитой хүртэх сайхан бололцоо нээгдсэнийг Ерөнхий сайд онцлоод одоо түүний нөхцөл, давуу тал, хөнгөлөлт, боломжуудыг хоёр талын төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэдээ шаргуу тайлбарлан таниулах шаардлагатай гэлээ.

 

Манай улс анх удаа Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах явцад энэ төрлийн хэлэлцээр цаашид байгуулахад ажиллуулах үндэсний чадварлаг мэргэжилтний багтай болж, ихээхэн туршлага хуримтлууллаа гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Уг хэлэлцээрийг байгуулахад Японы талын ажлын хэсгийг ахалсан ноён С.Кихарад Ерөнхий сайд талархал илэрхийлж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал  “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

 

Ирэх 7 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Японы  Ерөнхий сайд Ш.Абэг оролцоно гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлж, АСЕМ-ийн бэлтгэлд ажилд Японы талаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

 

Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Болдбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү нарын албаны хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин