“Ганжуур, “Данжуур”-ын бүрэн эхийг заллаа
2016-06-08

 

Хөлгөн их судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд боллоо. Ёслолын ажиллагаанд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нарын хүмүүс оролцов.

 

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлууллаа. Энэхүү бүтээл нь Монголын орчуулгын түүхэнд томоохон байр эзлэх их хөлгөн судар юм. Эртний болон дундад зууны Энэтхэг Төвдийн их бага таван ухаан болох дуун, учир шалтгаан, дотоод, тэжээх, урлах ухаан зэрэг шашны болоод иргэний таван мянга орчим ном зохиолыг багтаасан агуу их цоморлиг ажээ.

 

Энэ үеэр “БНХАУ болон ӨМӨЗО-нд Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор, профессор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавив.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин