Алеппо хотын гурван эмнэлгийг бөмбөгджээ
2016-06-09

Алеппо хотод агаараас цохилт өгчээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Сирийн Алеппо хотын Шээр дүүрэгт байрлах гурван эмнэлгийн байрыг өчигдөр агаараас бөмбөгдсөн байна. Уг цэргийн ажиллагааны үеэр 15 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархтсан талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан байгууллагаас мэдээллээ. НҮБ-ын Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудал хариуцсан төлөөлөгч, доктор Петр Салама “Өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр хүүхдийн “Аль Баян” эмнэлэг, түргэн тусламжийн “Аль Хаким” эмнэлэг болон үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг “Абдулах” эмнэлгийн барилга нурж, дахин ашиглах боломжгүй болсон” гэж мэдэгджээ.

 

“Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсад тусламж болон эмнэлэг хамгийн их хэрэгтэй. Харин олон улсын зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн ажиллагаа явуулж, олон мянган хүний амь насыг аврах ёстой эмнэлгийн байгууллагуудыг бөмбөгдөх нь хууль бус явдал. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зургаан эрүүл мэндийн байгууллага халдлагад өртөж, дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо” хэмээн доктор Салама хэлсэн байна.

 

Амиа алдагсдын ихэнх нь эмнэлгийн ажилчид гэнэ. Иргэд “Бүх зүйл гэнэт болсон. Хэт даврагчид эсвэл Сирид цэргийн ажиллагаа явуулж буй орнуудын аль нь эмнэлгийн байр руу цохилт өгсөн гэдгийг мэдэх боломжгүй байсан” гэж мэдээлжээ. Сирийн армийнхан уг асуудалтай холбоогүй гэдгээ мэдэгдэж, “Эмнэлгийн байгууллагад агаараас цохилт өгч, олон хүний аминд хүрсэн этгээдийг хуулийн дагуу шийтгэх болно” хэмээн мэдээлсэн талаар “SANA” агентлаг уламжлав.

 

Армийнхан сураггүй алга бологсдыг хайх ажиллагаанд нэгдэж, иргэдэд тусламж нийлүүлж эхэлсэн байна. Ийнхүү хоёр сарын хугацаанд Алеппо хотын хоёр ч эмнэлэг дайралтад өртжээ. Гэнэтийн дайралтад өртөөд буй уг бүс нутагт сөрөг хүчнийхэн амьдардаг бөгөөд тус эмнэлгийн байгууллагын ажилчид нь сөрөг хүчнийг дэмжигчид гэнэ. Арми болон сөрөг хүчний тулааны уршгаар иргэний дайн дэгдсэн билээ. Армийнхан эх орныг нь эзлэн түрэмгийлж буй хэт даврагчидтай тулалдахаасаа илүү Ерөнхийлөгч Башар аль Ассадыг төрөөс зайлуулахаар тэмцэж буй сөрөг хүчнийхний эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар ирсэн.

 

Агаарын цохилтод өртсөн “Аль Хаким” эмнэлгийн ерөнхий захирал “Манай байгууллага сөрөг хүчнийхэнтэй ямар ч холбоогүй, олон улсын тусламжаар байгуулагдсан” хэмээн “AFP” агентлаг ярьжээ. Ийнхүү Алеппо хотын 350 мянган иргэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй болсон байна. НҮБ, уг хэргийг сайтар шалгахаа амлаж, Британийн Засгийн газраас хэргийн буруутанг олох ажиллагаанд нэгдэхийг уриалсан аж.

 

Пентагон, Алеппо хотын асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ “Эмнэлгийн байгууллагуудыг оросууд бөмбөгдсөн. Тэдний болчимгүй үйлдлийн улмаас олон зуун хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй боллоо. Ассадын дэглэмийг хамгаалах болон Ассадыг гол дайснуудыг зайлуулах зорилгоор Оросууд уг цэргийн ажиллагааг Сирийн Засгийн газрын зөвшөөрлийн дагуу явуулсан” гэж мэдэгджээ.

 

 

Уг цэргийн ажиллагаатай зэрэгцэн Ассад олон сарын дараа парламентад үг хэлсэн байна. Тэрбээр “Шинэ Засгийн газарт сөрөг хүчний төлөөлөл болон бусад нам эвслийн төлөөлөл багтах болно” гэж хэлжээ. Ассад мөн Женев хотноо үргэлжилж буй Женевийн уулзалтад ихээхэн ач холбогдол өгч буйгаа өчигдрийн уулзалтын үеэр мэдэгдсэн аж. Засгийн газрын төлөөлөл сөрөг хүчний удирдлагуудтай хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэнээс болж уг уулзалт гацаад байна. Олон улс гурван сар Сирийн асуудлаар хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Олон улсын шаардлагыг Сири хүлээн авахгүй байна. Хэрвээ сөргөлдөгч талууд хэлэлцээрийн ширээний ард суувал зарим асуудлыг бид эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ уулзалт амжилттай болсон цагт ОХУ болон АНУ-ын удирдагчид уулзах боломжтой” гэж мэдэгджээ.

 

Алеппо хотын асуудлаас хэдхэн өдрийн өмнө Халеб хотыг мөн агаараас бөмбөгдөж, 56 хүний аминд хүрсэн билээ. Өнөөг хүртэл буруутан тодроогүй байна. Гэнэтийн довтолгооны үеэр Халеб хотын эмнэлгийн байгууллага болон сайн дурын байгууллагын барилга нурсан юм. Халеб хотыг оросууд бөмбөгдсөн хэмээн олон улс мэдэгдсэн боловч уг мэдээллийг Москва эрс үгүйсгэсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин