“Цоожтой” хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
2016-06-11

 

Монгол Улсад боловсрол нийгмийн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол сургууль цэцэрлэг. Тэр дундаа 0-5 насны мянга мянган хүүхэд цэцэрлэгийн хүртээмж дутуугаас “цоожтой хаалга”-ны цаана үлддэг. Түүнээсээ болж өөрийн биеэрээ бүр цаашлаад амь насаараа хохирч байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс Ардчилсан намынхан хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хоёр жилийн гаруйн өмнө УИХ-д өргөн барьж улмаар өнгөрсөн жил батлуулсан нь олон аав ээжүүдийн магнайг тэнийлгэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглоно” хэмээн хэлж байсан.

 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон” гэсэн юм.

 

Энэхүү үйлчилгээнд төсвөөс 10.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүгээр ч зогсохгүй гэртээ хүүхдээ харж үлдэг ээж, эмээ, өвөө нар хөршийнхөө хүүхдүүдийг харж орлоготой болж эхэлсэн юм. Тиймээс АН-ынхан цаашид энэхүү үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, олон хүүхэд цэцэрлэгтэй болох, ээжүүд гэртээ хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн ажиллахаар болжээ.

 

Б.Саран

 

Shuud.mn
Сонин хачин