Т.Батдулам: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлнэ
2016-06-14

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар манай улсад 130 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүний 36 мянга орчим нь хүүхдүүд аж. Эдгээр хүүхдэд чиглэсэн сургалт, боловсрол, сэргээн засалт зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх төвийг барихаар болж талууд өчигдөр гарын үсэг зурсан юм. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдуламаас тодрууллаа.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааны талаар тодруулахгүй юу?

-ХАХНХЯ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв” байгуулах төслийг 2013 онд боловсруулж, БНХАУ-ын Засгийн газарт хүргүүлсэн. Хятадын Засгийн газар энэ хүсэлтийг хүлээн авч буцалтгүй тусламжаар энэ төвийг барьж өгөхөөр болсон юм. Энэ хугацаанд бид судалгааа хийж, газрын дүгнэлт, барилгын зургийг гаргасан. Бас Монгол Улсын Засгийн газраас тус төвийг барихтай холбоотой гадна шугам шүлжээний гурван тэрбум төгрөгийн зардал гаргуулсан. Ингэснээр бид энэ барилгыг барих, шавийг тавих санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх, сэргээн засах, хөгжүүлэх бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан судалгаа, шинжилгээний үндэсний хэмжээний төв байгуулна гэж ойлгож болно. Мөн энэ төв ашиглалтад орсноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжих боломжтой болно гэж ойлгож болох юм.

 

-Энэ  төв хэзээ  ашиглалтад орох вэ?

-АСЕМ-ын уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд ирж, Монгол Улсын Ерөнхий сайд, ХАХНХЯ-ны сайд нар байлцсанаар тус барилгын шавийг тавьж, барилгаа барьж эхэлнэ. Уг барилгыг барих ажлыг Хятадын Засгийн газар бүрэн хариуцах юм. Ерөнхийдөө бидний төлөвлөснөөр 31 сарын дараа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв” ашиглалтад орно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой байх бөгөөд амбулаторын нөхөн сэргээх төв,  хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг элрүүлэх, сэргээн засах, тэдний эцэг, эхчүүд, гэр бүлийнхэнд нь  зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний төв болно. Барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих бөгөөд  бүтээн байгуулалтад 60 тэрбум төгрөг зарцуулна. Тус төвийг Баянгол дүүргийн  XX хороонд 15 мянга орчим ам метр талбайд барих юм. Мөн барилгын ажил ирэх сарын 31-нд эхэлж, 2,5 жилийн дараа ашиглалтад орно.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй нэн тэргүүний асуудал нь юу байна вэ?

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчлөлийг эрт элрүүлж, хөгжүүлэх асуудал учир дутагдалтай байна. Энэ бүх асуудлыг цогцоор нь зохицуулах газар үндэсний хэмжээнд байдаггүй. Боломжтой айлын хүүхдүүд нь гадаадад эмчлүүлдэг. Үлдсэн хэсэг нь, ихэнх нь нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээ болон хөгжүүлэх үйл ажиллагаанд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Гэхдээ тэд энэ үйлчилгээг авах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ бүх үйлчилгээг үзүүлэх нэгдсэн газар бидэнд хэрэгтэй байна. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт элрүүлснээр насан туршдаа хөжглийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зөвхөн эмчилгээ, эм тариа биш, хөдөлгөөн, хэл болон бэрхшээлийг засах, түүнийг хөгжүүлэх нарийн  эмчилгээ хэрэгтэй байдаг. Мөн манайд энэ чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна.

 

-Тус төвд ажиллах боловсон хүчнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хөгжлийн бэлхшээлтэй хүүхдэд зориулан барих энэ төвд шаардлагатай тоног төхөөрөмж болон боловсон хүчин энэ төслийн хүрээнд бэлтгэгдэж, хангагдана. Өөрөөр хэлбэл Хятад Улсын засгийн газраас энэ бүх ажлыг зохион байгуулна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг богино болон урт хугацаагаар бэлтгэж байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засч, хөгжүүлэх сүүлийн үеийн тоног төхөөрмжийг ашиглана.

 

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэдэн сургууль байдаг вэ?

-Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын зургаан сурууль, хоёр цэцэрлэг байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 116 дугаар сургууль, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн дөрвөн дүүрэгт 70, 25, 55, 69 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан сургалт явуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
насанд хүрэхээр нь улс нь яаж хамгаалах вэ
2016-06-14