Сөрөг сурталчилгаа хамгийн их цацсан намаар МАН-ыг нэрлэлээ

Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав хонолоо. Гудамж, талбай таних, танихгүй олон янзын хүний хөрөг зураг, уриа үг, урт богино амлалтаар дүүрч эхэлсэн. Мэдээж дөрвөн жилийн циклтэй энэ үзэгдэл сонгууль болдог бүх улс оронд бий.
Гэхдээ гүтгэлэг, доромжлолын шинжтэй хар пиар ажиллагаа энэ гуравхан хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэтэрхий их явагдсаныг нэмж дурдая. Өрсөлдөгчийнхөө уриа үгийг мушгин гуйвуулах, сонин, сэтгүүлийг нь буруугаар ашиглах, гүтгэсэн, доромжилсон агуулгатай нийтлэл нэвтрүүлэг цацах, олон нийтийн цахим сүлжээнд фото зургийг нь эвлүүлэх зэрэг маш олон зүйлүүд үүнд багтаж байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр буюу зургаадугаар сарын 2-нд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн сурталчилгааны материал дунд мөнгө хийж иргэдэд тараасан хэрэг гарсан. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа түүний сонин, сэтгүүл, мөрийн хөтөлбөрийг Баянзүрх дүүргийн иргэдэд тараасан байх жишээтэй.
Тэгвэл энэ гурван хоногт хар пиар буюу сөрөг сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аль нам хамгийн их цацаж байгааг хөндлөнгийн, мэргэжлийн судалгааны байгууллага гаргажээ. MIT Solution компанийн гаргасан судалгааны дүнг авч үзвэл улс төрийн намуудаас сөрөг сурталчилгааг МАН-ын зүгээс цахим сүлжээ болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн олон давтамжтай, хамгийн их цацсан байна. Энэ тухай тус судалгааны компанийн мэргэжилтэн Ё.Тэнгэрболдоос тодруулахад “Өнгөрсөн гурав хоногт телевизээр цацагдсан сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийлээ. Судалгааны дүнгээр өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдийн эсрэг хамгийн их сөрөг сурталчилгаа хийсэн нам бол МАН гэж гарсан. МАН-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нийт сурталчилгааны 82 хувь нь захиалгат нийтлэл, нэвтрүүлэг байсан юм. Түүнээс дийлэнх хувийг нь хар пиар буюу сөрөг сурталчилгаа эзэлж байна. Харин АН-ын цацаж байгаа сурталчилгааны дийлэнх хувийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил, бүтээн байгуулалтын талаарх сурталчилгаа эзэлж байгаа” гэсэн юм.
Түүнээс гадна өөр нэгэн эх сурвалжийн дурдсанаар сонин болон цахим цахим сайтуудаар түгээгдэж буй сөрөг сурталчилгааны дийлэнх хувийг мөн МАН-аас гаргаж байгаа юм байна.
Нөгөөтэйгүүр МАН-ын зүгээс гаргаж байгаа сөрөг сурталчилгааны 80-90 хувь нь зөвхөн АН руу чиглэсэн агуулгатай байна. Тэр дундаа НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид буюу Э.Бат-Үүлийн багийнхан руу.
МАН-ынхан тэгвэл ямар шалтгаанаар сөрөг сурталчилгааг ингэж ихээр үйлдвэрлээд байгаа юм бэ. Шалтгааныг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, намын үзүүлэлт буюу рейтинг АН-аас доогуур байгаа. Тиймээс рейтингээрээ тэргүүлэгч намын нэр сүрийг унагаах зорилготой ажиллаж байгаа биз. Хоёрдугаарт, АН-ын хийсэн ажил, бүтээн байгуулалт нь иргэдийн сонгох шалтгаан учраас аль болох өөр зүйлд анхаарлыг нь хандуулахын тулд ийн шударга бусаар өрсөлдөж байна гэж дүгнэж болно.
Энэ нь сонгогчдын сонголтод саад учруулаад зогсохгүй, сонголт хийх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаа хэлбэр гэдгийг онцолъё.
Харин АН-ын хувьд МАН-ынхны гаргасан сөрөг сурталчилгаанд тайлбар өгсөн, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгсөн нийтлэл нэвтрүүлгүүдийг сөргүүлэн цацаж байгаа юм. Хэн нэгэн рүү дайрч, давшлах бус хийсэн ажлаа тайлагнах нь сонгогчдын хийх сонголтыг хүндэтгэж байгаа хэлбэр билээ.
Х.Гарьд
эх сурвалж:24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ