Оросын онгоцыг хэт даврагчид устгажээ
2016-06-17

Египетийн Шарм-эль-Шейх амралтын газраас ОХУ-ын Санкт-Петербург хот рүү хөөрсөн Оросын “Когалыавиа” компанийн “Airbus A321” онгоц өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ны өдөр сүйрч, 224 хүн амиа алдсан билээ. Мөрдлөгөөр онгоцыг санаатай хөнөөсөн болохыг тогтоосон юм. Гэмт этгээд зорчигчийн суудлын дор гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг суурилууулсан болохыг шинжээчид илрүүлсэн билээ.

 

Ослын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл онгоц сүйрч буй үеийн бичлэгийн твиттер хуудастаа байршуулсан юм. Гэхдээ ОХУ-ын Засгийн газар уг ослын ард хэт даврагчид байгаа гэдэгт эргэлзэж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Жон Бреннан “Airbus A321” онгоцыг Египетийн “Ансар Бейт аль Макдис” гэх зэвсэгт бүлэглэл сөнөөсөн хэмээн мэдэгдсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. “Тус бүлэглэлийн дайчин онгоц хөөрөхөөс өмнө тэсрэх бөмбөгийг зорчигчийн суудлын дор байрлуусан” хэмээн Бреннан мэдэгджээ.

 

“Ансар Бейт аль Макдис” бүлэглэл 2011 оны Арабын хувьсгалын дараа үүсэн байгуулагдсан байна. Тус бүлэглэл 2013 оны эцсээр “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгджээ. Хоёр бүлэглэл нэгдсэний дараа “Ансар Бейт аль Макдис” бүлэглэл нэрээ “Вилаят Синай” хэмээн өөрчилсөн байна. Британийн тусгай хүчин 2014 оны эхээр тус бүлэглэлийн төв штабыг устгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин