Л.Ганбат: Өмнөх оны төгсөгчид хариуцлагагүй байна
2016-06-17

Энэ сарын 15-наас элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхлээд байна. Шалгалтын явцын талаар БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

 

-Энэ жил нийт шалгуулах ёстой сурагчдаас хичнээн нь хамрагдав?

 

-Эцсийн дүн мэдээлэл шалгалт дууссаны дараа орон нутгаас бүх мэдээлэл ирсний дараа нэгтгэгдэж гарна. Энэ сарын 15-нд явагдсан монгол хэл, бичгийн шалгалтад одоогийн байдлаар шалгалтандаа бүртгүүлсэн хэр нь огт ирээгүй 200 гаруй хүүхэд байна. Гэхдээ бүгд хамрагдаагүй биш 20 гаруй хүүхэд л заавал өгөх ёстой монгол хэл, бичгийн шалгалтаа өгөөгүй. Эдгээр сурагч янз бүрийн л шалтгаанаар хамрагдаагүй байна. Тухайлбал шалгалт эхэлснээс хойш шалгалтын байрны гадаа 20-30 минутын дараа хоцорч ирсэн 20 гаруй хүүхэд шалгалтнаасаа хоцорсон. Зарим нь бичиг баримтны зөрчилтэй гэдэг шалтгаанаар шалгалтандаа хамрагдаж чадаагүй.

 

-Шалгалтын хуваарийн мэдээллийг олж авах гэж цаг алдсан учраас хоцорсон тухай зарим шалгуулагч хэлж байна.

 

-Манай БҮТ-өөс тавдугаар сарын 15-наас суудлын хуваарь, шалгалтын байрны талаарх мэдээллийг гарган бүртгүүлсэн шалгуулагчдын имэйл хаяг руу цахим хэлбэрээр явуулсан. Мөн элсэгчийн сонинд шалгалтын байрны мэдээллийг гарган үнэгүй тараасан байгаа. Түүнчлэн үнэлгээний төвийн сайтуудад шалгуулагчид хэрэгтэй мэдээллийг байршуулсан. Хэрэв интернетэд холбогдох боломжгүй шалгуулагч байвал өөрийн гар утаснаасаа 133233 гэсэн дугаар руу өөрийн регитрийн дугаарыг бичин цахим шуудан илгээснээр шалгалтын байрнуудын мэдээлэл автоматаар очиж байсан. Тэгэхээр бүтэн сарын өмнө мэдээлэл тавигдсан байхад өөрийгөө аль шалгалтын байранд очиж шалгалтаа өгөхөө мэдэхгүй хоцорсон зэрэг асуудал бол тухайн шалгуулагчын өөрийн хариуцлагагүй л асуудал юм. Өөрийнхөө ирээдүйгээ шийдэх чухал шалгалтанд хамрагдах гэж байгаа гэдгээ ухамсарлаж маш хариуцлагатай хандах шаардлагатай. Гэхдээ анзаарч байхад ийм асуудал өмнөх оны төгсөгчдөөс харагдаж байна. Энэ жилийн 12 дугаар анги дүүргэж байгаа хүүхдүүд журамтайгаа сайн танилцсан, шалгалтын байранд 2 цагийн өмнө очсон байх ёстой гэдгийг багш нар нь ч анхааруулсан учраас асуудалгүй шалгалтандаа орчихож байна. Хоцорсон, мэдээлэл авч амжаагүй гээд байгаа хүүхдүүд ихэнхи нь өмнөх оны төгсөгч нар байгаа юм. Эдгээр хүүхдүүд маш сайн хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Бүтэн сарын өмнө байршуулсан мэдээллийг хараагүй явж байна гэдэг бол хувь хүний өөрийн хариуцлагагүй л асуудал байгаа юм. Тэгэхээр хоцорсон хүүхдүүд дараа дараагийн шалгалтан дээрээ анхаарах хэрэгтэй.

 

-Хоцорсон шалгуулагчид энэ жил сургуульд элсэх боломжгүй гэсэн үг үү?

 

-2013 оны Засгийн газрын тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалт явагдаж байгаа. Энэ тогтоолд их, дээд сургууль, коллежид элсэх элсэгчид болон ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай байна гэж заасан байгаа. Тэгэхээр монгол хэл, бичгийн шалгалтанд орж амжаагүй хоцорсон хүүхдүүд энэ жил сургуульд элсэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ нэгэнт сургуульд орж чадахаа байсан гээд бусад шалгалтаа орхиж болохгүй. Хамрагдах хэрэгтэй. Учир нь бусад хичээлүүдийн дүн оноо нь хүчинтэй хэвээрээ явж байна. Тэгэхээр он дамжаад дараа жилийн ЭЕШ-д дахин хамрагдан зөвхөн монгол хэл, бичгийн шалгалтаа өгөөд хувиарын дагуу их,дээд сургуульд элсэх боломжтой гэсэн үг. Эцсийн байдлаар шалгуулагчдын дүн оноо долдугаар сарын 1-нд гарна. Тэр үед монгол хэл, бичгийн шалгалтаас бусад хичээлийн дүн оноо нь орно гэж ойлгох хэрэгтэй.

 

-Нөхөн авах боломжгүй юу?

 

-Боломжгүй. Жилд нэг л удаа авагддаг шалгалт учраас нөхөж авах боломж байхгүй. Үүнийг ч эртнээс сануулж байсан шүү дээ. Монгол хэл, бичгийн шалгалт бол сонголт хамаарахгүйгээр ЭЕШ-т бүртгүүлсэн бүх шалгуулагчид заавал өгч байгаа шалгалт. Харин цаашдаа сэтгүүлзүй, хэл шинжлэлэээр суралцах хүсэлтэй хүүхдүүд бол ЭЕШ-ийн 10 хичээлээс монгол хэлний шалгалтыг тусад нь сонгож өгч байгаа.

 

-Энэ шалгалтыг өгч байгаа сурагчдын түвшин сайжирсан хэр нь 800 оноо авагчдын тоо цөөрсөн байна. Энэ ямар учиртай вэ?

 

-Үр дүн маш сайн гарч байгаа. 800 оноо авч байгаа хүүхдийн тоо багассан гэх ойлголт ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл ЭЕШ-ын үнэлгээг олон улсын аргачиллаар бодож байгаа. Энэ нь тусгай томъёогоор программ хангамжын тусламжтайгаар бодогдож байгаа юм. Тухайлбал жилд монгол хэл, бичгийн шалгалтан дээр хичнээн хүүхэд 800 оноо авах вэ гэдэг нь ойлгомжтой. Томъёогоор боддог аргачлал учраас нийт шалгуулагчдын 1.5 орчим хувь нь 800 оноо авна. Тэгэхээр тухайн жилд энэ шалгалтыг хичнээн хүүхэд өгч байна вэ гэдгээс л 800 оноого хэдэн хүүхэд вэ гэдэг нь хамаараад байгаа юм. Өнгөрсөн жилийн тухайд бол 19 мянга орчим хүүхэд ЭЕШ-т өгсөн. Үүний 1.5 хувь нь цөөхөн харагдаж байгаа учир. Энэ жил 37 мянган шалгуулагчын 1.5 хувь нь олон харагдана. Ийм л учиртай юм.

 

-Шалгалт авч байгаа бүх байранд утасны сүлжээ унагагч байршуулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Тийм ээ. Шалгалтын бүх байранд утасны сүлжээ унагагч тусгай төхөөрөмж байрлуулсан. Мөн шалгуулагчдыг шалгалтдаа орохоос өмнө тусгай багажаар утастай байгаа эсэхийг нь шалгаж байгаа. Мөн шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ шалгуулагч нь бусдаас дэмжлэн авч, журмын 3.8-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас дэмжлэг авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно. Ийм үйлдэл дахин давтагдвал тухайн шалгуулагчийн бүх хичээлийн шалгалтын оноог хүчингүйд тооцдог.

 

-Сүүлийн шалгалт хэзээ билээ?

 

-Энэ жил 37200 гаруй элсэгч 52 байршилд шалгалт өгч байна. Шалгалтын эхний өдөр энэ сарын 15-ны өдөр болсон. Үргэлжлүүлэн Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаа өгсөн. Харин маргааш шалгуулагчид Газар зүй, Математик, Биологи, Монгол хэлний шалгалтаа өгнө. Ингээд энэ сарын 19-ний өдөр Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалтаа өгснөөр ЭЕШ дуусна. Ирэх долоодугаар сарын 1-ний өдөр шалгалтын хариуг зарлана. Долдугаар сарын 2-ноос их, дээд сургуулиудын элсэлт эхлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин