“Сайн хашаа” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ
2016-06-17

 

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм. Тодруулбал, "Сайн хашаа" хөтөлбөрт хамрагдах иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор жилийн 5%-ийн хүүтэй 10 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой болсон. Айл өрхүүдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлөхөөр журамд тусгажээ.

 

Хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ

 

Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ.

 

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсанаар:

  1. Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.
  2. Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.
  3. Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.
  4. Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

 

Иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд эхний 2 жил төлбөр авахгүй, цаашдаа эргэн төлөлт нь сарын 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулалт хийх юм. Хөтөлбөрт хамрагдах айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд хэрхэн холбогдох талаар сонирхож байгаа тул товч мэдээлэл хүргэе.

 

 Төв магистралаа нийслэлээр татуулаад өөрийн хашаа руу орох шугамаа зээлийн хөрөнгөөрөө хийж болно. Айл хөршөөрөө нийлвэл өртөг бага, үр ашигтай байна гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байгаа юм. Айлуудтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл энэ сонголтыг хийж болох аж. Гэр хороололд дандаа орлого багатай айлууд амьдардаггүй учраас сонголтыг иргэдэд үлдээнэ гэсэн үг.
 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэг айл ямар хэмжээний хөрөнгөөр инженерийн шугам сүлжээнд холбогдож болох талаар мэргэжлийн байгууллагаас судалгаа авчээ.
 

Нэг айл бохирын ажилд 2.4 сая төгрөг, цэвэр бохир усны хангамж авахад 3.5 сая төгрөг, халаалтаа шийдэхэд 4 сая төгрөг, нийтдээ 9.9 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан учраас өрхөд олгох зээлийн хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоосон байна.

 

Б.Зул

Эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/ 

Shuud.mn
Сонин хачин