Энхийг сахиулагчид эх орондоо иржээ
2016-6-20

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.

 

 

Дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай цэргийн багийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтан авсан юм. Бригадын генерал Д.Ганзориг "Эх орныхоо, Зэвсэгт хүчнийхээ өгсөн үүргийг нэр төртэй биелүүлээд ирж байгаа дайчин эрс та бүхнээрээ бахархаж байна. Эх орондоо тавтай морил. Та бүхэн ажиллагааны хугацаанд дадлага туршлага хуримтлуулж, эрдэм мэдлэгээ нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа хуримтлуулсан дадлага, туршлагаа үүргээ биелүүлэхэд ашиглах ёстой. Та бүхнээрээ бахархаж байна. Амжилт хүсье" гэв.

 

Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байна. 
Олон үндэстний Маршал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай бөгөөд 19-41 насны цэрэг эрс юм.

 

Өдгөө дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг Афганистан улсад үүргээ биелүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин