Доктор Гротесманн Дирк: “Интермед” дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг
2016-06-20

“Интермед” эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын зөвлөх эмч Доктор  Гротесманн Дирктэй уулзаж ярилцлаа. Тэрбээр долдугаар сарын 8-ны өдрийг дуустал "Интермед" эмнэлэгт эмэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг, оношлогоо хийж байна. Хэрэв үзлэгийн цаг авахыг хүсвэл 7701-1111 утсанд холбогдох боломжтой.

 

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Гротесманн Дирк гэдэг. Би Германд анагаахын ухааны их сургуулийг төгссөн. Одоо 51 настай. Сургууль төгссөнөөсөө хойш анагаах ухааны их сургуулийн эмчээр олон жил ажилласан. Тэр хугацаанд эмэгтэйчүүдийн хавдар, жирэмсний үеийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн. 2007 онд тухайн ажлаа дуусгаад олон улсад ажиллаж эхэлсэн байгаа. Одоогоор дэлхийн 50 гаруй оронд ажиллаж, туршлага судалсан байна.

 

-Энэ удаад яагаад Монголыг сонгон ажиллах болов?

 

-Миний бие Монголд, Интермед эмнэлэгт ажиллахаар дөрөвдүгээр сарын 31-нд ирээд байна. Манай ээж Монголд өмнө нь хоёр удаа 3 сарын хугацаатайгаар амьдарсан. Эхний удаад 63 настайдаа, дараагийн удаа 69 настайдаа ирж байсан шүү. Би ээжээсээ маш гайхалтай түүхүүдийг сонсож байсан. Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний хоол зэргийг их сонирхолтой гэж ярьдаг байлаа. Манай ээжид Монголын хөдөөд амьдрах маш их таалагдсан гэсэн. Ээжээсээ Монгол орны  талаар сонсоод ирэхийг маш их хүсдэг байлаа. Тэгээд өнгөрсөн сард ирэх боломж гарч  хүрэлцэн ирж ээжийнхээ ярьж өгсөн зүйлсийг өөрийн нүдээр үзэхэд таатай сайхан байна. Ер нь би өөрөө их сониуч хүн. Өндөр  болон буурай хөгжилтэй гэлтгүй бүх орнуудад очиж ажиллах, тухайн улсын эмнэлгийн салбарт ажиллаж туршлага солилцохыг зорьдог. Энэ зорилгынхоо хүрээнд л Монголыг зорин Интермед эмнэлэгтэй гэрээ хийн ирсэн хэрэг.

 

-Та Монголд анх удаа ирсэн үү? Сэтгэгдэл ямар байна вэ?

 

-Тухайн орны талаар сэтгэгдлээ хэлэхийн тулд 6-12 сар амьдарч байж өөрийн гэсэн дүгнэлт хийх хэмжээнд  болдог гэж боддог. Миний хувьд монголчууд найрсаг тусламтгай маш эелдэг хүмүүс юм. Хэдийгээр хүн болгон англи хэл мэдэхгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар туслахыг хичээдэг нь маш сайхан санагдаж байна. Дээрээс нь хаана ч явсан аюулгүй, амар тайван орон юм. Хүн бүхэн нь ухаалаг утастай. Хүссэн газраасаа интернет орчинд холбогдож мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг мөн мэдээлэл авах эх үүсвэрүүд их олон нь хурдацтай хөгжиж буйн нэг илрэл юм.

 

 

-Та эмэгтэйчүүдийн эмч гэсэн. Ер нь яагаад энэ мэргэжлийн сонгосон юм бол?

 

-Анагаахын ухааны сургуулиа төгссөн даруйд миний охин төрсөн. Охин маань төрөх үед би яг юу болоод байгааг нэг их сайн ойлгоогүй. Их гайхсан, сандарсан. Ямар ч байсан эхнэрт маань маш хүнд, хэцүү байгааг мэдэрч байлаа. Төрөлт гэдэг бол эмэгтэй хүний амьдралд тийм амар даваа биш шиг санагдсан. Тийм учраас өөр бусад олон эмэгтэйд туслаад амьдралынх нь торгон мөчийг хуваалцаж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх нь гайхалтай санагдсан учраас би энэ мэргэжлийг сонгосон.

 

-Энэ мэргэжлээр та хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-20 жил ажиллаж байна. Энэ салбар өөрөө дэлхийн аль ч оронд маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгосноороо хаана ч очсон сайн үйл бүтээж хүнд тус хүргэж чаддаг нь сайхан юм даа. Би эх барих төрлөөр нарийн мэргэшснээс гадна эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслаар давхар мэргэшсэн. Нөхөн үржихүйн насны төрөх насны эмэгтэйчүүд хавдартай болчих юм бол зөвхөн тэр хавдрыг нь авах биш умайн хүзүү, сав зэрэг эрхтнийг нь эрүүл хэвээр нь хадгалаж үлдэх, хойшдоо тухайн эмэгтэй төрөх боломжийг нь олгоно гэдэг миний хувьд чухал үнэт зүйл байсаар ирсэн.

 

-Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын туршлагаасаа хуваалцах уу?

 

-2012 оноос хойш дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар умайн хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ авдаг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ нь эмэгтэйчүүдийн халдвараас урьдчилан сэргийлэх маш том алхам болж байгаа. Урьд нь бол эмэгтэй хүн ямар нэгэн хавдартай байх юм бол умайг нь бүтнээр нь авдаг байсан. Үгүй юм гэхэд хавдартай цуг маш том хэмжээгээр авчихдаг. Тэгэхээр эмэгтэй хүн дахин жирэмслэх ямар ч боломжгүй болоод үлддэг. Харин одоо бол эмэгтэй хүн хэдий хавдартай байсан ч гэсэн тухайн эд эрхтнийг нь авч үлдэх аргачлал бий болгож дахин жирэмслэх боломжтойгоор мэс засал хийдэг болсон. Ингэхийн тулд хавдрын шатлалаас нь хамаардаг. Ер нь бол энэ төрлийн мэс заслыг эхэн үед нь хийх боломжтой байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр дагнан Интермед эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт зөвлөгөө өгөн хамтран ажиллаж байна.

 

-Таны харж буйгаар монгол эмэгтэйчүүдэд ямар төрлийн өвчин элбэг байна вэ?

 

-Бусад улс орнуудтай ижил монголд гэсэн бэлгийн замын халдарт өвчин өргөн дэлгэрсэн байна. Гэхдээ хүнд төрлийн биш өөрт мэдэгдэхгүй хөнгөн төрлийн өвчин их юм. Гэхдээ монголчуудад давамгай гэх өвчин бол алга. Бусад орны адил л өвчин, эмгэг байна. Миний анзаарснаар эмэгтэйчүүдийн өвчлөлөөс гадна косметик хагалгаа өргөн хөгжсөн нь анзаарагдаж байгаа.

 

-Бэлгийн замын өвчлөл их байна гэлээ. Шалтгаан нь юу байна вэ?

 

-Бэлгийн замын өвчлөл гэхээр ДОХ-ын хэмжээнд сэтгэж болохгүй. Үр дүн нь хөнгөн хэлбэрийн өвчлөл байна. Эмэгтэй хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Өвдөлт мэдрэхгүй. Гэсэн хэдий ч аажимдаа хавдар болох магадлалтай хөнгөн төрлийн вирус гэж ойлгож болно. Үүний шалтгаан нь магадгүй амьдралын хэв маягаас шалтгаалдаг байж магадгүй.

 

 

-Олон улсад ажилласан хүний хувьд монгол эмч нарын ур чадвар, эмнэлгийн салбарын хөгжлийг аль түвшинд үнэлэх вэ?

 

-Би социалист үзэлтэй ОХУ зэрэг орнуудад өмнө нь ажиллаж байсан. Монгол улс ч тэр тогтолцооноос гараад удаагүй байгаа учраас хөгжил нь төстэй харагдаж байна. Танай улс социализмаас гараад 20 жил өнгөрчээ. Энэ их хугацаа юм шиг боловч хөгжлийн боловч өндөр хөгжилтэй орнуудтай эмнэлгийн салбарыг нь харьцуулахад хөгжлийн үе шат нь удаашралтай харагдаж байна. Гэхдээ үүнээс илүү хөгжихийн тулд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Улсын Засгийн газар нь ч нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд анхаарал хандуулж маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Нэг хүндрэлтэй асуудалд нь Улаанбаатар хотод эрүүл мэндийн түвшин нь илүү хөгжсөн байна. Гэтэл хотоосоо зайдуу байгаа хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хангахад хүндрэлтэй юм. Хөгжлийн түвшин нь бага гэсэн ялгаа харагдаж байгаа. Харин Интермед эмнэлгийн эмч нарын тухайд бол Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн ур чадвартай хүний нөөц, эмнэлгийн ажилчид байна. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллуулах, тэнд нь суурин ажиллуулна гэдэг шийдэхэд мэдээж хүндрэлтэй асуудал болов уу.

 

-Хөдөө орон нутгийн эмнэлэгт очиж үзсэн үү?

 

-Хараахан очиж үзээгүй байна. Гэхдээ боломж олдвол очиж үзэх хүсэл маш их байгаа. Тэр дундаа баруун аймаг, хилийн хязгаар орчимд нь очиж ажиллах хүсэл байна. Улаанбаатар хотод бол нэг хувийн эмнэлэгт очиж үзсэн. Мөн ХӨСҮТ-д очиж үзээд байна. ХӨСҮТ өмнө нь очиж байсан ЗХУ-ын орнуудтай ойролцоо хэмжээний бүтэц, зохион байгуулалттай санагдсан. Яагаад гэхээр үйлчлүүлэгч олонтой. Ажил маш их. Энэ байдал нь ЗХУ-ыг санагдуулсан.

 

-“Интермед” эмнэлгийг олон улсын төвшинд харьцуулж болохоор байна уу?

 

-Мэдээж тэгэлгүй яахав! Интермед эмнэлэг нь үйл ажиллагаа явуулаад хоёр жил л болж байгаа юм билээ. Бүх зүйл нь шинэлэг, ажиллаж байгаа боловсон хүчин нь чадварлаг санагдсан. Маш их хүчин чармайлт гаргаж яаж дээд төвшинд хүргэх үү, тэр төвшинд байгуулсан нь үүдээр нь орж ирэхэд л мэдэгддэг. Та бид хоёрын сууж байгаа энэ буйдан шиг л бүхий л зүйлс нь шинэ ч үйлчлүүлэгч олонтой, гайхалтай үйлчилгээтэй эмнэлэг юм. Дотоод бүтэц болон барилга байгууламж, хүний нөөцийн ур чадвар зэргийг харахад олон улсын стандартад нийцсэн нь харагддаг. Европын зарим оронтой харьцуулахад түүнээс ч өндөр төвшинд үнэлж болохоор санагдаж байгаа.

 

 

-Ярилцлагын төгсгөлд эмч хүний хувьд Монголын ард түмэнд хандан зөвлөмж хүргэж болох уу?

 

-Бололгүй яахав. Монголын ард түмэнд өөрийнхөө тусламж үйлчилгээг хүргэх миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Миний дурдахыг хүсэж байгаа нэг зүйл бол монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь нэлээдгүй өндөр юм. Олон залуу эмэгтэй дээд албан тушаал эрхэлж байна. Тэр утгаараа эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж өндөр юм гэж би харлаа. Миний нэг хүсэж байгаа зүйл бол эрүүл мэндийн хөгжил нь монгол улсын хаана ч ижил төвшинд хөгжөөсэй гэж хүсэж байна. Ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн төвшин сайжраасай гэж бодлоо. Бас удаан хугацаагаар үргэлжилж байгаа эдийн засгийн хямрал нь сайжраасай гэж хүсэх байна. Мөн өөрсдөдөө байгаа байгалийн нөөц баялгаа хадгалж үлдээсэй гэсэн хүсэлтэй байна. Эмэгтэйчүүдийн эмчийн хувьд олон хүүхэдтэй болох нь хамгийн том аз жаргал учраас Монголын ард түмэнд улам олон үр сад хүсье.

 

-Та Монголоос хэзээ буцах вэ?  Хэрэв таниар үзлэг оношлогоо хийлгэх хүсэлтэй иргэн байвал хэрхэн холбогдох вэ?

 

-Би долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл “Интермед” эмнэлэгт эмэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг зөвлөгөө хийх болно. Хэрэв үзлэгийн цаг авахыг хүсвэл 7701-1111 утсанд холбогдох боломжтой. Манай эмнэлэг Богд хааны ордон музейн баруун хойно, АПУ ХХК-ны зүүн талд байдаг.
 

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин