Монгол залуус 9.9 тэрбумын тэтгэлгээр Японд суралцана

Япон Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөр нь нийт 555 сая иен буюу 9 тэрбум 900 сая төгрөгийн үнийн дүн бүхий 7 жилийн хугацаанд хэрэгжих тэтгэлгийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн солилцох ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 18, ирэх онд 22 залуу боловсон хүчин Японы их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж буй юм.
Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Энэ удаа нэг зүйл шинэчлэгдэж залуус маань зөвхөн магистрантурт суралцах биш докторантурт суралцахаар боллоо. Мөн хувийн хэвшлийнхнийг сүүлийн жилүүдэд оролцуулаагүй. Энэ удаагийн хөтөлбөрөөс эхлээд хувийн хэвшлүүдийг оролцуулж эхэлж байгаа” хэмээв.
Харин Элчин Сайд Такэнорги Шимизү “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад 2001 хэрэгжүүлж эхлээд энэ жил 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Япон улсад суралцах залуусын боловсролын чиглэлийг Монгол Улсын тэргүүлэх гурван салбар болох уул уурхай, байгаль орчны хөгжил, санхүүгийн чиглэлийн хамтын ажиллагаад тулгуурлан тогтоосон болно. Тэдний суралцах сургууль нь Японы нэр хүндтэй 8 их дээд сургууль багтаж байна. Суралцаж төгссөн төгсөгчид эх орондоо төрийн захиргааны байгууллага, их дээд сургууль, Монгол банк зэрэг нийгэм эдийн засгийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Тиймээс бид хөтөлбөрийн хүрээнд боловсрол эзэмшсэн залуус нийгэм, эдийн засгийн тэргүүн шугамд ажилласнаар манай хоёр орны харилцан ойлголцол найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн ярилаа.
2001 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн энэ хөтөлбөрийн хүрээнд манай улсын 262 залуу боловсон хүчин Японд суралцаж мэргэжил эзэмшсэн байна. Япон улсад суралцаж магистрын зэрэгтэй болсон төгсөгчид Гадаад хэргийн яам, БСШУЯ, “Монгол банк” зэрэг төрийн байгууллагад ажиллаж буй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ