Сонины борлуулалт 30 хувиар буурчээ
2016-06-22

 

Хэвлэлийн Хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” тайлан эмхэтгэлийг 17 дахь жилдээ хэвлэн нийтэлжээ. Улмаар энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 17 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг тодорхойлж ирснийг судлаачид мэдээллийн эхэнд онцлов. Судалгааны мэдээллээс харахад хэвлэл мэдээллийн салбарт 4400 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт ажиллагсдын 53 хувь нь телевизийн салбарт ажиллаж буй аж.

 

2012 оноос эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жилээс жилд буурч, 2016 оны эхний байдлаар 387 уламжлалт мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгсэл 200 орчмоор багассан үзүүлэлт юм байна. Мөн хэвлэмэл сонины борлуулалтын тоо дөрвөн жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар, радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг гурван цагаар буурсан бол телевизийнх нэмэгджээ.  Нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины эзлэх хувь 5,2 хувьд хүрсэн нь сүүлийн арван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт аж.

 

 Харин цахим сайтуудын тоо жил бүр нэмэгдэж, 2016 оны эхний байдлаар 100 гаруй мэдээллийн сайт тогтмол ажиллаж буйг судлаачид хэлж байнйа. Тухайлбал 2014 онд 92 сайтыг мониторингийн тайланд танилцуулж байсан бол энэ онд 98 болон нэмэгджээ.  Түүнчлэн сонин, сэтгүүл, телевизийн тал орчим хувь нь өөрийн вебсайттай, эс бөгөөс нийгмийн мэдээллийн сүлжээгээр агуулгаа цацаж, сурталчилж буй бол радиогийн салбар, нэн ялангуяа FM радио энэ тал дээр бага зэрэг хоцрогдож байгаа ажээ.

 

2015 онд хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлтүүд болон хэрэглэгчдийн судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” номоос авч болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин