Албан хаагчдад олгох 3.4 тэрбумыг хаанаас гаргах вэ
2016-06-23

 

Гадаад сурч буй цэргийн албан хаагчид цалингаа авч чадахгүй байгаагаас үүдэн ар гэр нь хүнд байдалд орсон тухай захиа нийгмийн сүлжээгээр тархсан. Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдад хандан бичсэн энэхүү захидалд хуулийг яагаад хэрэгжүүлэх байгаа болоод өнөөг хүртэл цалин өгөхгүй байгааг тайлбарлахыг хүссэн байсан. Тэгвэл Батлан хамгаалах яамнаас уг захидалд хариу тайлбар өгчээ.

 

Батлан хамгаалах яамны тайлбарт:


"Одоо үйлчилж байгаа салбарын хуульд гадаадад суралцаж байгаа алба хаагчдад цалин олгоно гэж тусгайлан заагаагүй, зөвхөн Батлан хамгаалахын гаргасан журмаар зохицуулан цалинг нь олгож ирсэн. Харамсалтай нь, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд гадаадад суралцаж байгаа манай алба хаагчдын цалинг 2016 оны улсын төсвөөс хассан. Ийм л нөхцөл байдлын улмаас манай алба хаагчид цалингаа авч чадахгүй байна. Нэгэнт хуульд тусгайлан оруулж, баталгаажуулах шаардлага гарсан учраас өдгөө УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд "Гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх буцах тээврийн зардлыг төр хариуцна" гэж оруулсан. Энэ хуулийн төсөл батлагдсанаар цалинг нь олгох эрх зүйн орчин бүрдэнэ. 2014-2015 онд цэргийн алба хаагчдад тэтгэмж олгогдолгүй 3.4 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл үүссэн байна” гэжээ.

 

Одоогийн байдлаар Зэвсэгт хүчнээс 12 улсад 510 орчим цэргийн алба хаагч суралцаж байна. Тэдэнд жилд дунджаар 1.5 тэрбум төгрөгийн тэтгэмжийн зардал шаардлагатай байдаг. Үүнээс бакалаврт 393 сая төгрөг, академи, дамжаанд 1.1 тэрбум орчим төгрөг ногдож байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин