Нийслэлд 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагджээ
2016-06-23

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, мөн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар мэдээлэл хийлээ.

 

Энэ удаагийн хурлаар хулгай тэр дундаа автомашин хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж буй аж. Нийт гэмт хэргийн 3045 буюу 36.1 хувийг хулгай эзэлжээ. Тэр дундаа автомашин болон эд ангийг хулгайлах гэмт хэрэг голчилж байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэмээн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 106 тээврийг хэрэгслийг цагдаа нар олж тогтоосон бол 13 нь олдоогүй байна. Автомашинуудыг эд ангийг нь тонож, зарж борлуулах, унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлсан нь цагдаагийн шалгалтын үеэр тогтоогдсоныг хурандаа Ж.Эрдэнэболд хэлэв. Тодруулбал 55.5 хувь нь унаж сэлгүүцэхээр бусдын машиныг хулгайлсан бол 21.9 хувь нь эд ангийг нь зарж борлуулах зорилготой байжээ.

 

Автомашин болон машины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж буйг дуулгав. Одоогийн байдлаар 41 удаагийн үйлдлээр машин хулгайлсан хэргийг илрүүлээд байгаа аж. Тухайлбал, Баянгол, Баянзүрх дүүргээс Т, Г нар хоёр машин хулгайлж, Замын-Үүдэд аваачин зарсан хэргийг илрүүлсэн байна. Мөн машины хулгайн хэргээр шалгагдаж байсан бүлгийн машинуудад түлхүүр тааруулан хулгайлсан 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ. Үүнээс гадна өмнө нь гурван удаа ял шийтгэл эдэлж байсан Ц нарын бүлгийг энэ долоо хоногт илрүүлэн, шалгаж байгаа аж.

 

Цагдаагийн байгууллага автомашин хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн гэх дүгнэлтэд хүрээд буй аж. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг автомашин хулгайлагдсан бүх хэргүүдийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч буй.  

 

Ажлын хэсэг машины хулгайч нарыг илрүүлснээс гадна алдагдсан эд ангийг худалдаж авдаг бүлэг, ченжүүдийг илрүүлсэн байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн дагуу шалгаж байна.

 

Гэмт этгээдүүд тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, цахилгааны утсыг нь холбон асаах, түлхүүр тааруулах зэрэг аргаар хулгайлж байна. Тиймээс иргэд өөрийн автомашинаа харуул хамгаалалттай газар байрлуулж, дохилол сууриулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Ene zavaan asuudal deer anhaarsan ni deer , arai dendeed baigaa um,,,ingej amdrahiin orond yamar neg bolovsrol ezemshij ajil hiij amdrah heregtei bna , mergejliin ajil zondoo l baigaa shdee,,,Niigmiin asuudal hariuzsan uls torchid yuch hiihgui baina
2016-06-23