Олимпийн өдрийг тэмдэглэлээ
2016-06-23

 

Өнөөдөр Олон Улсын Олимпийн Өдөр тохиож байна. Энэ өдрийг 1894 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэн ирсэн. Анх Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан гэдэг. Улмаар орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 206 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Энэхүү баярыг манай улсын үе үеийн олимпийн медальтан, ахмад зүтгэлтнүүд Монголын үндэсний олимпийн хорооны гаднах талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдов, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, С.Батцэцэг нарын хүмүүс оролцлоо.

 

Эл баярын өдрийг тохиолдуулан спортын оны шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” шагналын нэрэмжит хөшөөний нээлтийг хийв. “Бөртэ чоно” цомын эх загварыг МҮОНТ-ийн зураач Г.Мөнхболд гаргаж “Үүдэн чулуу” компанийн бүтээлчид урлажээ. Энэ талаар Г.Мөнхболд “Энэ хөшөөнд бол миний оролцоо байгаагүй. 2012 онд анх олимпийн хорооноос оны шилдэг тамирчиддаа “Бөртэ чоно” гэж цом олгохоор болсон. Тэр цомын эх загвар минийх. Энэ хөшөө бол тухайн цомын эх загвараар хийгдсэн. Их сайхан хөшөө болжээ. Үндсэндээ урлагийн ажилчдад олгох “Гоо марал” шагнал. Түүнд эмэгтэй хүний гоо сайхан харуулсан бол энэ нь эрчүүдийн бэлэг тэмдэг, хүчирхэг байдлыг харуулж хийсэн” хэмээв.

 

МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Олимпийн хороо бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс ч спортын шилдгүүдэд гардуулдаг “Бөртэ чоно” шагналын нэрэмжит хөшөөөг МҮОХ-ны талбайд сүндэрлүүлээд байна. Мөн Монголын үндэсний олимп үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн олимпийн хорооны  газар дээр спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг дуусгаад байна. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагааг эхлүүлэхийг зорьж байгаа. Энэ нь Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм” хэмээв.

 

Мөн Олон Улсын Олимпийн Хорооны ес дэх Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж буй Томас Бах олимпийн өдрийг тохиолдуулан олон улсад мэндчилгээ дэвшүүлжээ. Тус мэндчилгээнд “Даян дэлхийд тэмдэглэн өнгөрүүлдэг олимпийн өдөр улам бүр төгөлдөржиж, шинэ утга агуулгаар баяжиж, залуу үеийнхний дуртай баярын нэг болжээ. Бид хүүхэд залуус та бүхнийг компьютерийн араасаа босож, гар утсаа түр орхиж, биеийн тамир спортоор хичээллэж, энэ нь та бүхний амьдралын салшгүй хэсэг болохыг уриалж байна. Үндэсний олимпийн хороодоос олимпийн өдрөөр зохион байгуулдаг соёл боловсролын үйл ажиллагааны үр нөлөө, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж буй нь тун сайшаалтай. 1864 оноос сэргэн мандсан орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг улам хүчирхэг болгохын тулд 1948 оноос эхлэн олимпийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд гол зорилго нь дэлхийн бүх хүмүүсийг биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжих явдал билээ. ОУОХ-ны гишүүн 206 үндэсний олимпийн хороод нь, олимп дэлхийн алдартай тамирчдыг ард түмэнтэйгээ уулзуулах, олимпизмийн сэдэв бүхий соёлын арга хэмжээ зохиох зэрэг төрөл бүрийн хэлбэрээр олимпизийг олон хүний сэтгэлд шигтгэх нь чухал юм. Бидэндтэй нягт хамтран ажиллаж буй бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Олимпийн өдрөө сайхан тэмдэглэж “Рио 2016” наадамд өндөр амжилт гаргахыг хүсье” хэмээжээ.

 

Тамирчид сэтгэгдлээ хуваалцлаа.

 

МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган


Төрийн дуулал олонтоо эгшиглээсэй

 

-Эх орныхоо нэрийг мандуулж байсан үе үеийн тамирчид, дүү нартаа, найзууддаа олимпийн өдрийн мэндийг хүргэе. Монголын спортын тамирчдын хувьд “Бөртэ чоно” шагнал бол эрхэм хүндтэй шагнал. Тийм учраас энэ шагналын нэрэмжит хөшөөний нээлт болсонд баяртай байна. Тэгээд удахгүй болох “Рио 2016” олимпод монголын тамирчид маань олонтоо төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай гэж хүсэн ерөөе.

 

МУГТ С.Батцэцэг


Хамтдаа зүтгэе

 

-Би сая Европын хоёр цуврал тэмцээнд оролцоод ирсэн. “Рио 2016” олимпод оролцох бэлтгэл сургуулилт ерөнхийдөө дундхан л байна. Бас манай холбоо оролцох тамирчдаа албан ёсоор нэрлээгүй байгаа. Энэ сарын сүүлээр тодорхой болох болов уу. Би оны шилдэг тамирчинд олгодог “Бөртэ чоно” шагналыг хоёр удаа хүртэж байсан. Тиймээс өнөөдөр энэ шагналын нэрэмжит хөшөө Олимпийн хорооны үүдэнд сүндэрлэж байгааг харах сайхан байна. Тэгээд бас олон улсын олимпийн хорооны тэтгэлэгт хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдлаа. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийг тамирчин бүр хүртэж бэлтгэл сургуулилтдаа санаа зовохгүй явж байгаад баяртай байна. Нийт эрх авсан тамирчиддаа монгол улсынхаа төрийн далбааг Риогийн тэнгэрт олонтаа мандуулахыг хүсч, уриалж байна. Хамтдаа зүтгэе.  Мөн үе үеийн ахмад тамирчиддаа олимпийн өдрийн мэндийг дэвшүүлье.

 

 

“Рио 2016” наадмыг МҮОНТ шууд дамжуулах юм. Шууд дамжуулалтыг “Скайтел” ХХК ивээн тэтгэх аж. Улмаар энэ өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор нар түншлэлийн гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү гэрээний хүрээнд тус компаниас олимпизмийг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн “Рио 2016” зуны олимпид амжилт гаргасан тамирчиддаа 9000 серийн алтан дугаар зэргийг олгохоо мэдэгдлээ.

 

Манай улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар манай улсын 23 тамирчин 24 медаль хүртсэн бахдам амжилт үзүүлээд байна. 43 хоногийн дараа зуны олимпийн XXXI наадам эхэлнэ. Одоогийн байдлаар манай улсын 38 тамирчин олимпийн наадмын эрхээ аваад байгаа. Өнөөдөр шөнийн 23.00 цагт боксын тамирчид рингинд тулалдаж олимпийн эрх авснаар 40 тамирчин Бразилийг зорих юм.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин