Кино театрын авто зогсоол үнэгүй байх ёстой
2016-06-24

Гэрэл зургийг MPA.MN

 

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус газрын дарга Д.Мөнхтөр хийв.

 

ШӨХТГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн дэлгэцийн кино театруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад “Өргөө, “Тэнгис,” “Гэгээнтэн”, “Хүннү синема” зэрэг кино театр хамрагдсан байна. Эдгээр байгууллага Холливууд болон монголын киног гаргахдаа киноны эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулдаг аж. Ингэхдээ “Өргөө”, “Тэнгис” кино театр дотоодын киноны орлогын 50-52 хувийг, “Гэгээнтэн”, “Хүннү синема” 50 хувийг кино бүтээгчдэд өгдөг байна. Иймд “Гэгээнтэн, “Хүннү синема” кино театрыг дотоодын кино бүтээгчдэд киноны орлогын 50-иас илүү хувийг олгохыг зөвлөжээ. Мөн Холливуудын хүүхэлдэйн киног гаргахдаа монгол дуу оруулгатай гаргах, үйлчлүүлэгч нараас 00 төлбөр, авто машины зогсоолын төлбөр авахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Бага насны хүүхдүүд хадмал орчуулгатай кино үзэхэд ойлгохгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн кино үзэхээр очсон иргэд театрын зогсоолд авто машинаа үнэгүй байршуулах ёстой” хэмээв.

 

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, зах худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснээ танилцууллаа.

 

Шалгалтад нийт 32 аж ахуй нэгж хамрагдсан байна. Аж ахуй нэгжүүдээс ариун цэврийн өрөө, авто зогсоолыг үйлчлүүлэгчдэд төлбөртэй хэрэглүүлж, хуууль бусаар хураамж авсан зөрчил илэрчээ. Улмаар улсын байцаагч нарын тавьсан албан шаардлагыг хүлээн авч зөрчлөө арилгаагүй 17-н нэгжийг 960 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсан байна.  Нийт 16 сая 320 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

 

ШӨХТГ, МХЕГ-тай хамтран Туул голын сав газрын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрч улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Ч.Мөнхтөр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт орших Био, Шувуун фабрик орчимд Туул гол их хэмжээгээр бохирлогдон урсаж байна. Бохирлогдсон голын уснаас тэжээвэр амьтад /үхэр, адуу, хонь, ямаа, гахай/ ундаалж байгаа. Амьтдын гаралтай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд борлуулагдсанаар хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон хүнсний аюулггүй байдалд ноцтой хор хохирол учруулах аюултай байна. Мөн Нийслэлийн Засаг даргад “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ буюу “Харгиа”-г эх үүсвэр бүхий арьс, шир боловсруулах, ноос угаах үйлдвэрүүдийн хамтаар хотоос гарган цогцолбор байдлаар дэд бүтцийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ талаар тодорхой шийдвэр гарах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмээ авах тухай мэдэгдэл хүргүүлж долдугаар сарын 1-ний дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн” хэмээв.

 

Мөн ШӨХТГ-аас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдээс ирүүлэх өргөдөл, гомдол нэмэгдсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Шалгалтын явцад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд шаардлага хүргүүлж ажиллаж буй аж. Өнөөдрийн байдлаар 25 гомдол хүлээн авсны зургаа нь намуудаас ирсэн албан бичиг байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин