Цусны төвийн шинэ байр ашиглалтад орлоо

Цус сэлбэлтийн үндэсний төвийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус барилгыг Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьжээ. Барилгын ажлыг Грийн ресурс констракшн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа нь энэ.
Мөн тус төвд Азийн хөгжлийн банк 8.2 сая ам.долларын эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн байна. Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”-ын хүрээнд цусны албаны хэмжээнд нийт 13.6 ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт хийгджээ. Түүний 8.2 сая ам.доллар нь цусны төвд ирсэн бол үлдсэн 5.4 сая ам.доллар нь аймгуудын салбар төвүүдэд хөрөнгө оруулалт болон очжээ.
Цусны салбарт ийн цогц шинэчлэл хийснээр цус цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, цусны цагаан бөөмийн вирус идэвхжүүлэх, PCR зэрэг найман төрлийн шинэ технологийг нутагшуулахад бэлэн болжээ. Ингэснээр Монгол Улсын цусны албаны үйл ажиллагаа, хүчин чадал 3-5 дахин нэмэгдэж, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон улсын жишигт нийцэх юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ