Нэг сая 912 мянга 901 хүн санал өгнө
2016-06-28

 

Монгол Улсын иргэд маргааш буюу энэ сарын 29-ний өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Тус хуралд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Улсын Бүртгэл статистикийн газрын дарга С.Мэндсайхан, ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах албаны дарга Б.Ганзориг нарын албаны хүмүүс оролцов.

 

Энэ удаагийн сонгуульд 1 сая 912 мянга 901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусаад байна.

 

Сонгуулийн ерөнхий хороо, УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж санал авах ажиллагаааг эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн сонгуульд аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороонд төрийн болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган албан хаагч бэлтгэл ажлыг ханган ажиллах юм байна.

 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг ТЕГ, МТШХХГ, тус хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн хамтарсан алжын хэсэг шалган туршиж, баталгаажуулаад санал авах байрудад хүргүүлсэн байна. Мөн сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон бүхээг бэлтгэжээ. Түүнчлэн харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгосон тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлж байна.

 

Тэрбээр “Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 10 дугаар тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлыг ханган аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилаж байна. Мөн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Санал авах, тоолох машин буруу тоолж байна гэх мэдээлэл саяхан гарсан. Буруу тоолсон шалтгаан нь зарим нэг нам эвслийн гишүүд зориуд санаатайгаар будлиулсан нь санал авах байрны бичлэгийн камераар нотлогдсон. Тус төхөөрөмжийг 2012, 2013 оны сонгуульд амжилттай хэрэглэсэн. Тиймээс сонгогч та бүхэн сонгуульд хэрэглэж буй автомат техник хэрэгсэлд итгэлтэй байж болно” хэмээв.

 

Манай улсын улстөрийн сонгуулийг ажиглахаар АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50 гаруй гадаадын улс орноос болон Олон улсын байгууллагын 450 орчим ажиглагч нар СЕХ-нд бүртгүүлж ажиглагчийн үнэмлэхээ авчээ. Мөн гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч сонгуулийг сурвалжлахаар ирсэн байна.

 

Хэвлэлийн хуралд оролцсон холбогдох албаны хүмүүс дараах мэдээллийг хийлээ.

 

2890 иргэн санал өгөхгүй

 

Улсын Бүртгэл статистикийн газрын дарга С.Мэндсайхан

 

-2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар бид бүхэн сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг гаргасан. Тухайн үед байгуулагдсан 2096 хэсэгт оршин суугаа хаягийн дагуу сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг үйлдсэн. Мөн  2016 оны зургадугаар сарын 3-ны байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргасан болно. Энэ жагсаалтад нэг сая 912 мянга 901 үндсэн сонгогч бүртгэгдсэн. Хуулийн дагуу гадаадад түр хугацаагаар ажлаар явсан болон сурч буй иргэд сонгогчийн нэрсийн жагсаалтад түр хасав гэсэн тэмдэглэгээтэй байх ёстой. Мөн түүнчлэн ШШГЕГ-ын мэдээллийн дагуу хорих ангид ял эдэлж буй иргэд, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийн хувь ийм тэмдэглэлтэйгээр сонгогчийн нэрийн жагсаалтад оруулсан байгаа. Ийм тэмдэглэгээтэй 85 мянга 922 байна. Энэ сарын 3-ны өдрөөс 21-ны хооронд гарсан өөрчлөлтүүдийг танилцуулбал энэ хугацаанд нас барсан 897 иргэн байна. Мөн харьяатаас гарах шийдвэр нь албан ёсоор хүчин төгөлдөрт тооцогдож Улсын бүртгэлд орсон 185 иргэн, шинэчилсэн бүртгэл болон хаягын бүртгэлд гүйцэж орсон 264 хүний мэдээлэл, түр хасав тэмдэглэгээтэй иргэдийн тэмдэглэлийг өөрчилж үндсэн сонгогчийн жагсаалтад 1685 хүнийг нэмсэн.

 

Мөн түүнчлэн хуулийн дагуу зургадугаар сарын 14-ны 24.00 цагаас өмнө иргэд өөрийн санал өгөх байрыг өөрчлөх хүсэлтээ гаргах боломжтой байсан. Зургадугаар сарын 18-ны 24.00 цагийн байдлаар тухайн газраа бүртгүүлсэн байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт бий. Энэ хүрээнд шилжилт хөдөлгөөний дүн өөрчлөгдөж 21 мянга 199 хүн өөр хэсгийн байранд санал өгөх хүсэлт гаргасан. Нийт санал өгөх байгаа өөрчлөх хүсэлтээ гаргасан иргэдийн нэрийг тухайн хэсгийн жагсаалтаас хасаж сонгогчдын нэр, зураг, хурууны хээг 198 хэсэг дээр санал авах компьютероос тус бүрт нь салгаж мэдээллийн цахим сангуудийг шинэчлэн бий болгож орон нутагт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн сонгогч нэг сая 910 мянга 878 байна. Мөн 84 мянга 237 сонгогчид “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэйгээр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Ийм тэмдэглэгээтэй байгаа иргэдэд хандаж хэлэхэд  хуулийн хугацаанд буюу санал авах өдөр, санал өгөх байранд өөрийн бичиг баримттай ирж түр хасав тэмдэглэгээгээ өөрчлүүлж саналаа өгөх бүрэн эрхтэй. Тийм учраас ийм тэмдэглэгээтэй хүмүүсийн нэр сонгогчийн нэрсийн жагсаалтад байгаа гэж ойлгох хэрэгтэй.

 

18 мянга 309 буюу шилжиж очсон иргэдийн хувьд нэрс нь хэсэг болгоны жагсаалтын төгсгөлд албан ёсоор бичигдэж, цахим санд жагсаалт нь орсон байгаа. Харин эдгээр иргэн зургадугаар сарын 18-наас өмнө шилжиж амжаагүй байсан учраас хурууны хээ, зураг зэрэг мэдээлэл тухайн компьютер дээр орж амжаагүй. Тийм учраас эдгээр иргэнээс бусад хүмүүс хурууны хээнд тулгуурлан санал өгөх юм.

 

Сонгуудийн хуулийн дагуу бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийсэн дүнг Улсын хэмжээнд нэгтгэж дүгнэж харахад Архангай аймагт 1341 сонгогч, Баянхонгор аймагт 2261, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 сонгогч нэмэгдэж ирсэн байна. Аймгуудын хувьд энэ дөрвөн аймагт сонгогчдийн шилжилт хөдөлгөөн бусад аймагтай харьцуулахад өндөр байна гэж хэлж болно.

 

Шилжилт 21 мянга 299 сонгогч шилжилт хөдөлгөөний хүсэлтээ гаргасан. Хуулийн дугаа хүсэлтээ гаргасан тохиолдолд сонгогчийн нэрсийн жагсаалтаас хассан байгаа. Хуулийг дагуу энэ сарын 18-ны 24.00 цагаас өмнө очиж бүртгүүлэх ёстой 18 мянга 309 хүн энэ хугацаанд очиж бүртгүүлсэн. 2890 сонгогч санал өгөх эрх нь хязгаарлагдсан.

 

Эрүү үүсгэн шалгахаар зөрчил илрээгүй

 

ЦЕГ-ын хэв журам хамгаалах албаны дарга Б.Ганзориг

 

-Цагдаагийн байгууллага дээр гомдол зөрчлийн шинжтэй нийт 1392 гомдол мэдээлэл ирснээс Улаанбаатар хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгдсэн байна. үүнийг зөрчлөөр нь авч үзвэл

 

- Сурталчилгааны самбар, зурагт хуудас, эд зүйл гэмтээсэн 383,

 

- Нэр дэвшигчийг гүтгэж, гудаасан 209

- Бэлэг сэлт тараасан, дайллага цайллага хийсэн 125

- Ухуулга, сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 78

- Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 452

-Бусад 145 зөрчил, нийт 1392 зөрчлийг шалган зохих хэмжээнд шийдвэрлэж байна. Одоогийн байдлаар эрүү үүсгэн шалгасан зөрчил байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 54 буюу 3.9 хувь, захиргааны арга хэмжээнд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 206 буюу 14.8 хувь, захиргааны арга хэмжээ ногдуулсан 25 буюу 1.2 хувьтай, зөрчил болох нь тогтоогдоогүй хариу мэдэгдсэн 230 буюу 16.5 хувь байна. Эд зүйл, мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу энэ сарын 28-ны өдрийн 00.00 цагаар дуусгавар болсон. Энэ цагаас хойш сурталчилгааны аливаа хэлбэрийг хориглосон гэсэн үг.  Нэр дэвшигчийн цахим хаяг, олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн өдрийн сурталчилгаа явж байна. Яг 00.00 цагаас хойш л сурталчилгаа явуулсан тохиолдод хуулийн хариуцлага тооцно.

 

 

Мөн Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “НИТХ-ын сонгуультай холбоотой бэлтгэл ажил дууссан. Нийслэлд 924,629 сонгогч саналаа өгнө. Мөн 397 санал авах байр ажиллах болно. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд 3,966 албан хаагч ажиллана. Санал хураах үйл ажиллагаа нь хуулийн дагуу өнөөдөр зөөврийн санал авах ажил эхэлсэн. Өнөөдөр 3,100 гаруй хүн санал өгөх байгаа. Ингээд НИТХ-ын сонгуульд бэлэн байгаа гэдгийг хэлж, иргэдийг  сонгуульд идэвхтэй оролцохыг хүсч байна” хэмээв.

 

Харин ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Хур бороо их орохтой холбогдуулан нийслэл, орон нутгийн ОБЕГ-т завь бэлдэх, ажиллах бүрэлдэхүүнээр бүрэн хангах үүрэг даалгаврыг өгсөн. Ард иргэддээ хэлэхэд гол гатлахдаа аюулгүй байдлыг бүрэн хангаарай. Хэрвээ хүндрэлтэй зүйл гарвал тухайн орон нутгийн ОБЕГ-т хандаж болно” хэмээн ярилаа.

 

Сонгуулийн Ерөнхий хорооноос маргааш сонгуулийн ирцийн мэдээг 12:00 цагт, 17:00 цагт, 22:00 цагт албан ёсоор мэдээлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ard tumen:
shudarga songuuli l yavuulaarai da, songuuliin eronhii horoo bolon ulsiin burtgeliin gazar ene zurgan deer bga bas bus humuus ni golduu AN-iin nohduud l haragdaj baih yum bas MAN-s ch bna shudarga songuuliig ard tumen husej bna
2016-06-29
Gadaadad baigaa Mongolchuud:
YAAGAAD GADAAD BAIGAA MONGOLCHUUD BIDNIIG HASAJ BAIGAAN BE? DELHIIN ALICH ULSAD IIM ZUIL BAIDAGGUI, ELCHIN SAIDIIN YAMAAR DAMJUULJ SONGUULIIN SANAL AVCH BAIDAG SHDEE!!! BOLIOOCHEE TA NAR, GADAADAD BAIGAA MONGOLCHUUDIIN SANALIIG HUVAAJ AVCH BAINA SHDEE, ICHDEGGUI YUM BE?????
2016-06-29
зочин:
Санал луйварддаг хар машин байхад эрх баригчид юунаас ч айхгүй юм байх аа.Хамгаас өрөвдөлтэй нь саналыг нь луйвардаж санал өгснөөс нь шал өөр шал өөр хүнийг сонгоно гэдгийг мэдэлгүй итгэл дүүрэн саналаа өгч байгаа иргэд .
2016-06-28